Хан-Уул дүүргийн XI хороо буюу Богд уулын зүүн амны нийтийн эзэмшлийн замыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хааж, тэнд амьдардаг оршин суугчдаас “Эм би эм эн констракшн” компанийнхан их хэмжээний мөнгө нэхэмжилжээ.
Энэхүү мэдээллийн мөрөөр бид тухайн газарт очиж сурвалжиллаа. Иргэдийн хэлж заншсанаар Зайсан дахь хорих ангийн урд буюу Богд уулын зүүн аманд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн эзэмшлийн гэх долоон хаус болон түүний малчин амьдардаг юм байна.
Мөн тэдний ойр орчимд орон сууцтай нэлээд хэдэн айл суурьшжээ. Тэдгээр айл руу очих автомашины замын хоёр талд шороо овоолон асгаж төмөр хэц татсан байв. Үүнээс болж тус хорооны оршин суугчид автомашинаараа гэр рүүгээ явах боломжгүй болсон байна.
Ямар шалтгаанаар нийтийн эзэмшлийн замыг ийн хаасныг зэргэлдээх айлын хүнээс тодруулахад “УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн зам юм байх аа. Саяхан энэ замыг өөрийн хөрөнгөөр зассан гээд ойр орчмын оршин суугчдаас мөнгө нэхэмжлээд өгөхгүй болохоор нь замаа хааж байгаа юм гэсэн” хэмээн тайлбарлав. Хусч,тэгшилсэн шороон замыг дагаад явахад УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн хаусны гадаа очиж байв.
Тэдгээр хауст хүн барагтаа бол байдаггүйг хөрш нь дуулгалаа. Харин Т.Гүндалай хааяа нэг ирэхдээ замынхаа хаалтыг авч орчихоод гарахдаа түүнийгээ ахин хаадаг байна. Ингэж нийтийн эзэмшилийн замыг өөрийнх юм шиг өмчилж, дур зоргоороо авирлаж буйд тус хорооны оршин суугчид дургүйцэж буйгаа илэрхийллээ.
АЙЛ БҮРЭЭС 14 САЯ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛЖЭЭ
“Эм би эм эн констракшн” тодотголтой, 14 сая төгрөг нэхэмжилсэн мэдэгдэх хуудас өнгөрсөн сарын 12-нд Богд уулын зүүн аманд амьдардаг айлуудад иржээ.Тус мэдэгдэх хуудаст “Манай компани нь Хан-Уул дүүргийн XI хорооны Зайсангийн амны энэхүү замыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн нийт 56 сая төгрөгийн өртөгтэйгөөр байгуулсан тул ашиглахыг хүссэн айл өрх бүр 14 сая төгрөг тушаана уу хэмээн дурджээ. Төгсгөлд нь данс болон холбоо барих утасны дугаар бичиж, тус компанийн гүйцэтгэх захирал Л.Баяндалай гарын үсэг зурж, тамга дарсан байжээ. Түүнийг нь УИХ-ын гишүүн асан Гүндалайгийн хаусны манаач айлуудад тараасан байна.
“ЭМ БИ ЭМ ЭН КОНСТРАКШН” БОЛ Л.ГҮНДАЛАЙГИЙН ДҮҮГИЙН КОМПАНИ
“Эм би эм эн констракшн” УИХ-гишүүн асан Л.Гүдалайгийн төрсөн дүүгийнх болохыг айл өрх бүрт тараасан мэдэгдэх хуудас тодорхой харуулж байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн хауст очдог шороон замыг дүүгийнхээ байгууллагаар сайн дураараа янзлуулсан гэдгийг олон хүн онцолж байв. Түүнд зарцуулсан санхүүжилтээ ойр орчмынхоо оршин суугчдаас авахаар төсөв зохиож, мэдэгдэх хуудас тараасан нь тэр гэнэ.
Харин хөрш зэргэлдээх айлууд нь түүний хууль бус үйлдлийг хүлээн зевшөөрөөгүй учраас нөгөөх замаа хаасан байна. Үүний улмаас оршин суугчид автомашинаа уулын бэлд байрлуулж, явганаар гэртээ очдог болжээ. Богд уулын зүүн аманд буюу УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хаусны баруун талд “Эм би эм эн констракшн” компани нэлээд хэдэн барилга барьж байгааг оршин суугчид хэлэв. Түүнчлэн тухайн барилга ашиглалтад орвол энэ хавиар гишгэх эрхгүй болохыг үгүйсгэхгүй хэмээн толгой сэгсэрч байв.
ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ АЙЛ ӨРХӨӨС ТАВАН САЯ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛСЭН
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хаусны ойролцоо амьдардаг С.Төмөрхүүгээс үүсээд буй нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодруулав.
-“Эм би эм эн констракшн” өөрийн хөрөнгөөр зам зассан гээд ойр орчмын айл өрхөөс 14 сая төгрөг нэхэмжилсэн юм байна. Энэ тухай мэдэгдэх хуудас танайд ирсэн үу?
-Л.Гүндалайгийн хаусны манаач мэдэгдэх хуудас авчирч өгсөн. Бид тийм их хэмжээний мөнгө өгөх ямар ч боломжгүй. Тэгээд ч нийтийн эзэмшлийн замыг янзалсан гээд айл бүрээс 14 сая төгрөг нэхэмжилж байгаа нь хууль бус үйлдэл. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй болохоор замын орж, гарах гарц дээр гурав, дөрвөн машин шороо асгачихсан. Ингэснээр автомашинаар явах ямар ч боломжгүй болсон.
-Шороо асгаж, зам хааж байх үеэр нь тэдэнтэй уулзаж, учир байдлаа хэлж үзсэн үү. Тэд ямар тайлбар хэлж байна?
-Уулзаж чадаагүй. Шороо асгаж, зам хаах ажлаа тэд дандаа шөнө хийдэг. Энэ сарын 1-ний өглөө босоод ирэхэд л шороо овоолчихсон байсан.
-Автомашинтай зорчих тохиолдолд оршин суугчид яг хаагуур явж байна вэ?
-Энэ ойр орчмынхон автомашинаа уулын бэлд тавьчихаад гэр рүүгээ явган харьдаг болсон. Үүнээс өмнө “Богд хан’’ амралтын газрын замаар тойрч ирдэг байсан. Гэтэл байгал сүйтгэлээ гээд замаа бас хаачихсан учир хажуу айлын хашаагаар дамжиж явдаг болсон. Айлын хашаагаар байнга наашаа цаашаа явах бас л хүндрэлтэй.
Сүүлдээ айл нь дургүйцэж, хашааныхаа хаалгыг түгждэг болсон.
Бид гэр орондоо орж, гарах эрхгүй боллоо. Уулын аманд түгжигдсэн хэдэн айл байна. Миний ажиллаж байсан газраас Ахмадын баяраар намайг дуудахад би очиж чадаагүй. “Нөгөө Л.Гүндалай чинь зам хаачихлаа” гэдгийг хэлсэн. Хөгшин хүн автомашинаар л явахгүй бол явган хоёр ч алхахгүй шүү дээ.
-Үүнээс өмнө Л.Гүндалай энэ орчмын айлаас мөнгө нэхэмжилж байсан гэж сонслоо. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Тэгсэн. Гурван жилийн өмнө биднээс таван сая төгрөг нэхэмжилсэн. Бас л энэ замтай холбоотой. Тухайн үед манайх өгөөгүй. Бусад айл өгсөн үгүйг мэдэхгүй. Ямар ч учиртай ингээд байгааг нь ойлгохгүй юм. Монгол хүн эх орондоо гишгэх газаргүй болж байгаа юм байна.
-Удаа дараа ийм хүнд нөхцөл байдал үүсээд байгааг харьяа дүүрэг, хороондоо хэлсэн үү?
-Хорооныхоо Засаг даргад энэ тухай хэлсэн. Гэтэл “Сонгууль болох гээд ямар ч завгүй байна” гэсэн хариултыг өгсөн.
С.ТҮВШИНЖАРГАЛ: 56 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАСЧ, ЯНЗАЛСАН ГЭЖ ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ Л ЮМ БИЛЭЭ
Үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой талаар тодруулахаар XI хорооны Засаг дарга С.Түвшинжаргалтай холбогдлоо. Тэрбээр “Л.Гүндалай өөрийнхөө хөрөнгөөр зам янзалсан гээд байгаа. 56 сая төгрөгөөр янзалсан гэж хэлэхэд хэцүү л юм билээ.
Зүгээр л шороог нь машинаар түрчихсэн байна лээ. Энэ талаараа хороо болон оршин суугчдад юу ч мэдэгдээгүй. Сайн дураараа ийм зүйл хийчихээд айлуудаас мөнгө нэхэмжлээд байгаа юм билээ. Урьд нь ийм тохиолдол манай хороонд гарч байгаагүй. Үүнийг эрх зүйн талаас нь хэрхэн шийдвэрлэх ёстойг мэдэхгүй байна.
Энэ асуудлыг зохицуулах эрх надад байхгүй.Нэгдүгээрт, нийтийн эзэмшлийн зам . Хоёрдугаарт өөрийн хөрөнгөөр янзалсан гэж байгаа. Мөнгөтэй холбоотой асуудал учраас шүүх, цагдаагийн байгуулллагад хандаж, хобогдох байгууллага нь хэчнээн төгрөг зарцуулсныг нь тогтоож шийдвэрлэх хэрэгтэй болов уу. Зайсангийн ам дархан цаазат, тусгай хамгаалалттай учраас ашиглах гэрчилгээгээр газар олгодог. Тиймээс үүнийг шийдвэрлүүлэхээр хариуцдаг байгууллага болох БОАЖЯ-нд оршин суугчид хандсан гэсэн” гэв.
Зайсангийн зүүн аман дахь айл өрхөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэн “Эм би эм эн констракшн” компанийн гүйцэтгэх захирал Л.Баяндалайгаас болж буй үйл явдалд тайлбар авахаар хэд хэдэн удаа холбогдсон боловч тодорхой хариулт өгсөнгүй.
ХЭДХЭН МЕТР ЗАМЫН ШОРООГ 56 САЯ ТӨГРӨГӨӨР ТҮРЖЭЭ
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хааяа нэг очдог хаусных нь зам энхэл донхол учир өөрийн тав тухыг хангах үүднээс дүүгийнхээ байгууллагаар сайн дураараа тус замыг тэгшлүүлсэн нь тодорхой. Ойролцоогоор 400-500 метр орчим замын шороог түрж, тэгшлэхэд 56 сая төгрөг зарцуулсан гэх боловч тухайн замыг нь харахад ийм их хэмжээний хөрөнгөөр янзалсан гэмээргүй байв.
Үүнийг ч мөн тэдний хөршүүд онцолж байсан юм. Товчхондоо, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай төрсөн дүүтэйгээ нийлж, хөршүүдээсээ их хэмжээний мөнгө авах гэсэн хууль бус оролдлого юм. 56 сая төгрөгөөр шороог нь түрсэн хэдхэн метр замаар нь Л.Гүндалайгийнхнаас бусад нь зорчих эрхгүй бөгөөд хэрэв түүгээр явах хүсэлтэй бол 14 сая төгрөг төлөх ёстой.
Ямартай ч нийтийн эзэмшлийн замыг сайжруулж зассан нэрийдлээр оршин суугчдаас татвар төлөөс нэхэмжилж буй нөхцөл байдалд хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг оршин суугчид уламжиллаа.
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин