ВАШИНГТОН. /VOA/. Хүн төрөлхтөн 125-аас илүү наслах боломжгүй байж магадгүй гэж АНУ-ын судлаачид үзэж байна. Анагаах ухааны хөгжил энэ хязгаарыг давахад тусалж чадахгүй байж магадгүй гэж тэд хэллээ.
Хүний үхэл болон хүн амын талаарх сүүлийн 100 жилийн хугацаанд цуглуулсан мэдээ мэдээллийг Альберт Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны коллежийн эрдэмтэн судлаачид 40 улсаас авч судлан дүн шинжилгээ хийжээ.
Улс бүрийн хүн амын дундаж наслалт тасралтгүй нэмэгдсээр ирсэн боловч 1980-аад оноос хойш 100 буюу түүнээс дээш настай хүмүүсийн тоо нэмэгдэх нь зогссон байна.
Дөрвөн улс, тэдгээрийн дотор Франц болон Японд дэлхийн дунджаас урт насалж буй хүмүүс хамгийн олон байна.
1970-аад оноос 1990-ээд оны эхэн үе хүртэлх хугацаанд дундаж наслалт жил бүр 0.15 жилээр нэмэгдсээр байжээ. Харин 1997 онд энэ үзэгдэл оргил үедээ хүрээд, буурч эхэлсэн аж. Мөн онд Францын иргэн эмэгтэй Жанна Кальман 122 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж байжээ. Түүнийг түүхэн дэх хамгийн урт насалсан хүн гэдгээр нь сайн мэдэх билээ.
Хүний насны хязгаар болох 125-аас давах магадлал 10 мянгад 1 хүрэхгүй байгааг статистик харуулж байгаа аж. Энэ нь хүн төрөлхтний дундаж наслалт цаашид нэмэгдсээр байх болно гэсэн таамаглалтай зөрчилдөж байгаа юм.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг