С.Батболд БНСУ-ын усны нөөцийн “K-WATER” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

p1auf3popp14rvra13c13q1jru1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Солонгос Улсын усны нөөцийн “K-WATER” корпорацийн гадаад төсөл хариуцсан захирал У Бён Гинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд У Бён Гин өөрийн корпорацийн үйл ажиллагаа, хамрах хүрээний талаар танилцууллаа. “K-WATER” корпораци нь БНСУ-ын гадаргын болон газрын доорх ус, гол мөрөн, далан боомт болон ундны усны асуудлыг цогц хэлбэрээр хариуцан ажилладаг. Тус корпораци нь зөвхөн БНСУ төдийгүй дэлхийн олон улсад усны холбогдолтой төсөл,  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн байна. У Бён Гин “БОНХАЖЯ-аас энэ оны нэгдүгээр сард манай корпорацид Монгол Улсын “Газрын доорх усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээ байгуулах, төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын байгууламжийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн ТЭЗҮ боловсруулах хүсэлт тавьж, уг төслийн судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг Солонгос, Монголын хамтарсан ажлын хэсэг гурван сарын хугацаанд хийж дуусгасан. Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон бусад хот суурингийн ус хангамжийн эх үүсвэрийн 200 гаруй худгийн тоног төхөөрөмжийг засварлан сайжруулах, 300 цооногт хяналт-шинжилгээний автоматжуулсан төхөөрөмж суурилуулах, сүлжээ байгуулах, хяналт удирдлагын нэгдсэн төв байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэдгийг хэллээ. Мөн Монгол Солонгос улсуудын усны салбарын бодлого болон хамтын ажиллагааны тухай семинарыг 2016 оны арваннэгдүгээр сарын 3,4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаагаа Засаг даргад дуулгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монгол Улс усны нөөцөөр элбэг баян улс биш ялангуяа Улаанбаатар хотод усны нөөцийн маш сайн менежмент хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Засаг даргын хувьд нийслэлийн иргэдээ цэвэр усны нөөцтэй, эрүүл цэвэр устай байлгахын тулд бүхий л зүйлийг хийх болно. Та бүхний үргэлжлүүлж байгаа ажлыг дэмжин ажиллана. Мөн удахгүй болох семинарт Улаанбаатар хотын зүгээс ач холбогдол өгч идэвхтэй оролцоно” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …