Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг болж байна. Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, клубүүд, Олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын V наадамд оролцогч иргэд, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 70 гаруй байгууллагын 2000 гаруй хүн оролцож байгаа юм.
Өдөрлөгийн нээлт Сүхбаатарын талбай дээр болсон бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтийн гүйлт болж байгаа юм. Уран сайхны гимнастик, спортын гимнастик, спорт бүжгийн баг тамирчид үзүүлэх тоглолтуудаа иргэдэд үзүүлж сонирхуулж байгаагаас гадна иргэдийн дунд хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, софт теннис, ширээний теннис, үндэсний шагай няслах, шүүрэх, морь уралдуулах зэрэг тэмцээн зохиохоор төлөвлөжээ.
Өдөрлөгийн нээлтэд оролцсон Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “”Спортлог Улаанбаатар 2016” бүх нийтийн биеийн тамир, спортын өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе.
Энэ жил олимпын наадам, Монголын бүх ард түмний спортын 14-р их наадам зэрэг түүхэн үйл явдлаар дүүрэн жил байлаа. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийтийн биеийн тамир, спортыг иргэдэд хүртээмжтэй хүргэх, нийслэл хотод спортыг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр олон ажил тусгасан. Өдөрлөгт оролцож байгаа нийслэлчүүддээ “Аз жаргалтай” хотын аз жаргалтай иргэн байхын үндэс болсон эрүүл энхийг хүсэн ерөөж, нийтийн биеийн тамираар тогтмол хичээллэхийг уриалж байна” гэлээ.
Мөн Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд “”Спортлог Улаанбаатар” өдөрлөг хоёр чиглэлээр болж байна. Нэг нь спортын олон төрлийн арга хэмжээ төв талбайд болж байгаа бол гүйлтийн спортыг дэмжих зорилготой бүх нийтийн гүйлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Энэ өдөрлөг нийслэлчүүдийн нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.