Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн хүрээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох хүмүүс өнөөдөр Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Монгол наадам” цогцолборуудад мод тарилаа. Хотын төвийн гол гудамжуудад нийтдээ 5 метрийн өндөртэй 200 ширхэг нарс мод тарихаас “Хонхтой цэцэрлэг”-т 56 модыг нь тарьж байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер С.Гантөмөр “Ирэх 4 жилд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэл төмөр зам дагасан ойн зурвас дундуур Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарих ажлыг эхлүүлнэ. Ингэснээр нийслэлийн иргэд төмөр замаар зорчихдоо модон дундуур зорчдог болох юм. Энэ ажлын хүрээнд ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн байгууллагууд мод тарьж, ногоон байгууламжийн стандартад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хяналт тавина” гэлээ.
Ахмад дендерлогич Б.Чимэд “20-25 настай 5 метрийн дундаж өндөртэй мод тарих нь бид олон жилийн усалгаа, арчилгаа зэргийг хэмнэж нэг өдрийн дотор суулгаж тарьлаа. Ингэснээрээ хотын ногоон байгууламж маш богино хугацаанд сэргэж хотын өнгө үзэмж нэмэгдэх болно. Шигүү, нягтрал ихтэй болж түймэр асахад бэлэн болсон ой мод их байгаа. Бид урдчилан сэргийлж шигүү болсон газруудаас модыг сийрэгжүүлж аван Улаанбаатар хотдоо шууд авчирж суулгаж байна. Азийн бүх орнууд ойгоо сийрэгжүүлж нийслэлээ цэцэрлэгжүүлэх ажлыг хийсээр ирсэн.” гэдгийг хэллээ.
Мөн энэ өдрийн хүрээнд дүүрэг бүрт мод, сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа гарч, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил талбай, айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.