Монгол Улсын Зэвсэгт хүчинд хүний нөөцийн нэгж бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсний түүхт 80 жилийн ойн баяр энэ сарын 14-ны өдөр боллоо. Ойн баярын арга хэмжээнд Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т ажиллаж байсан үе үеийн хүний нөөцийн оролцлоо.
Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн Жанжины 1936 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142 дугаар тушаалаар Цэргийн явдлын яамны Байцаах, боловсруулах хэлтсийн даргын ажлыг Жанжин штабын орлогч, дивиз командлан захирагч Мөрцэрэнгийн Гомбод хавсарснаар Батлан хамгаалахын боловсон хүчний бие даасан нэгж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Хүний нөөцийн нэгж нь өнгөрсөн 80 жилийн хугацаанд үндэсний цэргийн мэргэжилтэнг бэлтгэх, сонгон шалгаруулах, давтан бэлтгэх, мэргэшүүлэх, гадаад, дотоодын цэргийн сургуульд суралцуулах, Зэвсэгт хүчний анги, байгууллагад байршуулах, нөхөн хангах, тэдний нийгмийн хамгааллын асуудлуудыг тодорхой түвшинд шийдвэрлэх, шагнаж урамшуулах зэрэг олон ажлыг удирдан зохион байгуулж ирсэн.
Ойн арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан хэлсэн үгэндээ “Аливаад ул суурьтай, шудрага, зарчимч хандаж, цэргийн алба хаагчийн нэг бүрийнхээ төлөө цаг хугацааг умартан зүтгэж ирсэн манай боловсон хүчин-хүний нөөцийн үе үеийн дарга, мэргэжилтнүүдийн маань тэр зүтгэл нь өнөөгийн Зэвсэгт хүчний өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд ихээхэн чухал үүргийг гүйцэтгэж байгаа билээ.
Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг жилээс жилд өргөжин тэлж, энхийг дэмжих ажиллагаанд идэвхитэй оролцох болсноор цэргийн мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг өндөр хөгжсөн орнуудын цэргийн алба хаагчдын түвшинд хүргэх шаардлага тавигдаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчинд боловсон хүчин-хүний нөөцийн нэгж бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсний түүхт 80 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, боловсон хүчин-хүний нөөцийн дарга, мэргэжилтнүүдийн сонголт зөв, мэдлэг оюун нь өргөн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэлээ.
Эх сурвалж: БХЯ