Аз жаргалыг хүлээхийн оронд өөрөөсөө хайвал ямар вэ? Бид хамгийн ойр байгаа зүйлээ л хамгийн холоос хайдаг. Тэгээд олоогүйдээ урам их хугарч бас ядардаг. Тэгвэл маргааш өглөөнөөс эхлээд зургаан өглөөг л өөртөө зориулчих. Өглөө бүрийг хөнжилдөө нүдээ нээж угтдаг бол, энэ 6 өглөө чи оюун санаандаа ч бас нүдээ нээж, олж хараагүй зүйлсээ харах болно. Дараах зургаан асуултыг өглөө бүр өөртөө тавьж, хариултыг нь тухайн өдрөө олохыг хичээгээрэй.
1 Өдөр: – Аз жаргалтай амьдралынхаа төлөө би юу хийж чадах вэ?
Чи энэ өдөр аз жаргалтай амьдралынхаа төлөө хийж чадах зүйлээ өглөө босоод өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ чи өөрийгөө “онц сайн” арчилдаггүй бол өнөөдөр өөрийгөө баярлуул. Хамгийн эхний мөртөө хамгийн амархан хийх зүйл бол энэ. Зорилгодоо хүрэхийг хүсэж байгаа бол өнөөдрөөс эхлээд ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ арга туршиж үз, эсвэл шинэ хоббитой болох хэрэгтэй. Мөрөөдлөөрөө амьдрахад чинь чиний дотор юу дутагдаж байгааг олж илрүүлээд, түүнийгээ нөхөхийг хичээ. Ямартай ч эхний өдөр өөрийнхөө ирээдүйн аз жаргалтай амьдралын төлөө өнөөдрөөс юу хийж чадахаа олоорой.
2 Өдөр: – Хайртай хүмүүстээ хайраа хэрхэн мэдрүүлэх вэ?
Энэ өдөр чиний хайр, сайн сайхан бүхэн гадагшаа чиглэлтэй байна. Чи төгс төгөлдөр байх албагүй ч төгс хайрладаг байх хэрэгтэй. “Төгс” хайр гэдэг нь хариу нэхдэггүй хайрыг л хэлдэг юм. Их амархан байгаа биз. Өглөө сэрээд өнөөдөр хайртай хүмүүсээ хэрхэн баярлуулахаа бодож ол. Гэр бүлийнхэн рүүгээ утсаар ярьж тэдэнд ямар их талархдаг болохоо, хичнээн их хайрладаг болохоо хэлэхэд л болно. Хайртай хүнээ гомдоочихсон бол өнөөдөр уучлалт гуй. Бүхий л муу муухайг эцэс болгож, сайн сайхны эхлэлийг тавих өдөр юм шүү.
3 Өдөр – Эргэн тойрондоо эерэг уур амьсгал оруулахын тулд би юу хийх вэ?
Ажлынхаа хамтрагчид өнөөдөр “Чи үнэхээр сайхан харагдаж байна” гэж хэл. Орой гэртээ харихдаа бяцхан хүүхдэд, эсвал тэнэмэл гөлгөнд амттай юм авч өг. Их амархан байгаа биз. Чамайг харсан хэн нэгэн өнөөдөр аз жаргалаас чинь хүртэх нь гарцаагүй. Өгөөд л байх тусам үржээд л байдаг зүйл бол инээмсэглэл.
4 Өдөр: – Зөн билиг минь надад юу шивнэв?
Өнөөдөр бол өөрийгөө чагнах өдөр. Өглөө босоод зөн билгээ дага. Хиймээр санагдсан зүйлээ л хий. Таагүй санагдаж байгааг нь хойш тавьчих. Татгалзмаар санагдвал өөрийгөө бүү хүчил. Хүссэнээ сонгоно гэдэг бол хариуцлага хүлээх зоригтой ч болно гэсэн үг юм. Заримдаа зөн билиг биднийг төсөөлөө ч үгүй сайн сайхан руу маань хөтөлдөг. Тиймээс өнөөдөр “гэгэлзээд” байвал нүүрээ будаад, өндөр өсгийтөө өмсөөд гарахад буруудахгүй шүү.
5 Өдөр: – Яг одоо амьдралдаа баярлах шалтгаанууд минь юу вэ?
Амьдралдаа талархахад чамд олон өрөө тансаг сууц, баян амьдрал, мөрөөдлийн ханхүү хэрэггүй. Харин өглөө болгон хөлийг чинь гижигдэх унтлагын өрөөний зөөлөн хивс, нарны гэрэл, ирж үнсүүлдэг хөөрхөн дүү чинь байхад л хангалттай. Чи энэ орчлонд юу ч үгүй ирсэн бол одоо өөрт чинь ямар их юм байгааг үргэлж мэдэрч байх хэрэгтэй. Үргэлж л сайхан амьдрахад юугаар ч, бүр юугаар ч дутаагүй гэдгээ сана.
6 Өдөр: – Өнөөдөр өөртөө дурсамж үлдээх юу хийх вэ?
Зургаа дахь өглөө чи амьдралдаа нэг дурсамж “бэлэглэх” ёстой. Хүссэнээ хий. Найзуудтайгаа дэггүйтэж, сохор болзоонд явж, олны өмнө авъяасаа үзүүлсэн ч болно. Хамгийн гол нь энэ бүхэн чамд маш их сэтгэл ханамж, хөгжилтэй уур амьсгалыг өгөх ёстой. Дараа нь бодоход ч тэр өнөөдрийн хийсэн бүхэн чинь чиний залуу насны хамгийн өнгөлөг хуудас болсон байх учиртай юм шүү.
Эх сурвалж: everyday.mn