Батлан хамгаалах их сургуулийн 95 жилийн ой боллоо

2016101701

Монгол Улсын боловсролын ууган байгууллагын нэг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт “Батлан хамгаалах их сургууль” нь анх 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэгээр байгуулж байсан бөгөөд өдгөө түүхт 95 жилийнхээ ойг тэмдэглэж байна. ойн баярын хурал энэ сарын 16-ны өдөр Соёлын төв өргөөнд болж УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУЯамны төлөөлөгчид, БХИС-ын сонсогч оюутан үе үеийн багш удирдлагууд оролцлоо.

Ойн баярын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны энэ өдөр 90 суралцагчтайгаар “Их даргын сургууль” нэртэй анх байгуулагдаж морин цэрэг, артиллерийн бага дарга бэлтгэх богино хугацааны сургалтыг хичээллүүлж эхэлснээс хойших 95 жилийн түүхэн их замналыг туулж байна. Их даргын сургууль нь үндэсний цэргийн мэргэжилтнийг бэлтгэх үндэс суурь болж байсан бол Бүх цэргийн ерөнхий сургууль нь Ардын журамт цэргийг байнгын цэрэг болон хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Улмаар цэргийн ерөнхий сургууль болж Монгол Ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүнийг сургах, давтан бэлтгэх гол уурхай нь болж байсны зэрэгцээ суралцагсадыг зөвхөн цэргийн эрдэмд сургаад зогсохгүй, нам, улс төр, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын бүхий л салбарт ажиллахаар бэлтгэснээрээ онцлогтой байлаа. Энэ он жилүүдэд тус сургуулийн удирдлага, төгсөгчид 1939 оны Халхын голын байлдааны Монголын Ардын Хувьсгалт Цэргийн даргалах бүрэлдэхүүний цөмийг бүрдүүлж байснаас гадна Зөвлөлтийн улаан армитай хамт Японы түрэмгийлэгчдийн эсрэг явуулсан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж байсан юм. Тус сургууль нь дээд боловсрол олгох сургалтын тогтолцоонд шилжсэн, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг тухайн цаг үеийн шаардлагад нийцүүлэн хийж өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсээр ирсэн билээ

Тус сургуулийн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн, аюулгүй байдлаа батлан хамгаалж, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжилт цэцэглэлт, ирээдүй хойч үеийг цэрэг-эх оронч үзэл, хүнлэг энэрэнгүй ёсыг эрхэмлэн уламжлалаа дээдлэх үзэл хүмүүжлээр төлөвшүүлэхэд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяаг ойн баярын өдөр цохон тэмдэглэхэд таатай байна” гээд баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх, эрдэм судлалын ажилд тань улам их амжилт хүслээ.

БХИС-ийн захирал, хошууч генерал Г.Чойжамц “Манай сургууль Монгол Улсын аюулгүй байдлыг хамгаалах үйл явц, боловсролын тогтолцоонд чухал байр суурь эзэлдэг. Оюутнуудад эх орноо хайрлах сэтгэл, эр зориг олгодог онцлогтой. Бид цаашид сургуулиа улам өргөжүүлж улсынхаа Батлан хамгаалах боловсролын төв болгох зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцолсон юм. Ойг угтан багш оюутнуудын дунд “БХИС-95” эрдэм шинжилгээний бага хурал, урлаг, спортын наадам зэрэг олон ажлыг зохион байгуулсанаас гадна бүтээн байгуулалтын ажлуудыг ч хийж амжуулжээ. Мөн БХИС-иас төрөн гарсан Монгол улсын баатруудад зориулсан хүндэтгэлийн цогцолбор, Сүлд дууны хөшөө, музейн шинэчилсэн дэглэлт, Эрдмийн өргөөний түүхийн жимээр сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг ойн хүрээнд зохион байгуулаа. Одоогийн байдлаар БХИС нь Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалах удирдлагын академи, Цэргийн нэгдсэн сургууль, Аюулгүй байдлын сургууль, Цэргийн хөгжмийн сургууль, Ахлагчийн сургууль, Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургууль гэсэн бүрэлдэхүүн сургуулиудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх сурвалж: БХЯ

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …