Арьс гэдэг бол хүний организмыг гадны нөлөөнөөс халхалж хамгаалж байдаг эрхтэн, тиймээс хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд хүйтэнд арьс зузаардаг. Энэ шалтгаанаар гадаа ажиллах шаардлагатай хүмүүсийн арьс толигор байдлаа гээн өнгө үзэмжээ алддаг.
Тэгэхээр үүнтэй хэрхэн тэмцэх вэ?
Юуны өмнө арьсаа өвлийн улиралд бэлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, арьсаа сайтар арчилж өвөлтэй золгуулбал хохирол багатай байна гэсэн үг. Зун намарт сайн тэжээл авахуулах, байгалийн жимс ногоогоор маск бигнүүр тавих, натурал хоол унд идэж байх гэх зэргээр арьсанд сайнаар нөлөөлдөг бүхнийг л хийж байх хэрэгтэй. Энэ бүхнийг өвөл ч хийх хэрэгтэй нь мэдээж. Арьсандаа чийг авахуулах тал дээр байнга анхаарч байх хэрэгтэй. Тэжээлийн тос зузаанаар түрхээд халуун усанд базсан алчуураар нүүрээ бүтээгээд 20 минут хэвтвэл нүүр тань баярлах нь дамжиггүй. Нүүр утах зориулалттай ионжуулсан уур гаргадаг аппараттай байж тэрийгээ далд хийгээд мартчихсан бол одоохон гаргаж ирээрэй. Мөн өрөө тасалгаандаа уур гаргагч аппарат тавьбал их сайн. Ууранд нь нүүрээ утаж хэрэггүй, муу, ионжуулаагүй уур арьс хуурайшуулдаг үйлчилгээтэй шүү. Тэгснээс нойтон бигнүүр нь дээр.
Ялангуяа өвлийн улиралд нүүрээ крантны усаар, тэр тусмаа савандаж угаахаас зайлсхийж байгаарай. Крантны хатуулаг ихтэй усанд кальц магнийн нэгдлүүд ихээр агуулагддаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг өрөвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулан гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тийм болохоор нүүрээ дандаа зориулалтын бодисоор цэвэрлэх, угаамаар байвал цэвэр усаар угааж байвал сайн.
Хамгийн чухал нь, нүүрний тосоо өвлийн, зуны гэж ангилан хэрэглэх шаардлагатай. Зуны халуун дулаанд усан суурьтай тос тохиромжтой байдаг. Дулаан уур амьсгалтай орнуудад үйлдвэрлэгддэг тоснууд ихэнх нь ийм байдаг тул монголын өвлийн нөхцөлд тохирохгүй байх нь элбэг. Харин өвөлдөө тослог ихтэй, тосон суурьтай тос түрхэж байвал цаг агаарын хүнд нөхцлөөс нүүрний арьсыг сайн хамгаалж өгдөг. Нүүрэндээ маш зузаан тослог ихтэй тос түрхвэл хүйтэн агаараас бараг бүрэн хамгаална. Хойт зүгийн уугуулууд өөх тосоор нүүрээ хамгаалдаг шиг. Гэхдээ хот газрын хүүхнүүд биш нүүрэндээ зузаан тос гялалзуулаад явна гэж байхгүй тул тэжээлийн тосон дээрээ крем пудр нэмж түрхэж байх шаардлагатай.
Арьсанд дулаан газраас гудамжинд ороход гарах температурын зөрөө илүү их хор учруулдаг. Үүний хортой нөлөөг зөөлрүүлэхийн тулд гарахынхаа өмнө орцондоо хэдэн минут бол. Энэ үед арьс хүйтэнд бага зэрэг дасч эхэлдэг. Үүнээс гадна өвөл арьс хүйтний нөлөөгөөр улайдаг ялангуяа хамар, хацар. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь тонжуулагч кремүүд нь ихэвчлэн өнгөгүй байдаг тул таны нүүр царай хачин өнгөтэй харагдах үе байдаг. Иймээс өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн.
Өвлийн улиралд витамин ихтэй “тослог” косметик хэрэглэх нь дээр. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай. Чийгшүүлэгчинд агуулагдах ус нь арьсанд хүйтэн цагт муугаар нөлөөлдөг. Хуурай арьсыг өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү дээр байдаг. Хэрэв арьс жирийн эсвэл холимог бол зун хэрэглэдэг байсан лосьон тоникийг март. Нүүрний тослог хэсгийг тослоггүй (oil free) цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа авна.
Тослог арьстай хүмүүсийг өвлийн цагт азтай гэж хэлж болно. Энэ төрлийн арьс нь жавар, салхинд зохицох нь бусад төрлийнхөөсөө илүү сайн байдаг. Энэ бол байгалиас өгсөн бэлэг юм. Тэгсэн ч гэсэн тэдэнд мөрдөх ёстой дүрэм гэж бий. Жилийн энэ улиралд спирт агуулсан лосьон түрхэж болохгүй. Зөвхөн спиртгүй тоник эсвэл гель хэрэглэх хэрэгтэй. Хуурай арьстай хүмүүс арьс чангалах маск тавихгүй байхыг зөвлөж байна.
Хуурай арьс: Арьс хуурайшсанаар ус болон тос дутагдаж, улмаар таны арьсыг өнгөлөг биш харагдуулдаг. Тийм ч учраас ийм төрлийн арьсанд тосон цэвэрлэгч, тэжээлийн тос, мөн чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэнэ.
Хэвийн арьс: Нас залуу булчин хэвийн, уян хатан болохоор хамгийн гоё арьс. Та сайхан арьсаа ердөө л сүүн шингэнээр цэвэрлэхэд л хангалттай. Ямар ч зардал гарахгүй.
Тослог арьс: Энэ арьс боровтор, арай зузаан байдаг. Хөгшрөлт удаан явагддаг ч амархан батга гардаг. Тиймээс өглөө сүүн шингэнээр цэвэрлэж, орой нь шингэн савангаар угаавал батга гарах нь багасна. Ийм арьс маш их тослог ялгаруулдаг учраас хэрэглэх бүтээгдэхүүнээ сайтар шалган авах хэрэгтэй.
Эмзэг арьс: Энэ арьс нар, салхи, агаар, ургамлаас амархан харшилдаг. Гэрийн нөхцөлд цэвэрлэхдээ өглөө босоод зөгийн балтай ус уу, буцалсан ус уух хэрэгтэй. Мөн холимог арьсанд зориулсан сүүн шингэнийг тохируулан хэрэглэвэл зүгээр.
Холимог арьс: Ийм арьстай хүмүүсийн дух, хамар, эрүүний хэсэг маш их тослогддог. Тиймээс энэ хэсэгтээ сүүн шингэн хэрэглэж болохгүй. Тослог багатай байгаа хэсгээр нь сүүн шингэнээр цэвэрлэж болно.
Өвөл арьс хуурайшиж, цусны эргэлт удааширан шим тэжээл чигээ алддаг. Өвөл гэнэт хүчтэй хүйтрэх болсон энэ үед арьсыг гэмтээхгүй барих хамгийн зөв арга бол чийг юм. Үнэтэй гоо сайхны бүтээгдхүүн хэрэглээд ч нэмэргүй бол хоол хүнсээр чийг нөхөж авах хэрэгтэй.
Эх сурвалж: everyday.mn