Баянзүрх дүүрэгт МАН-аас Дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид 28-н хорооны 41-н нэр дэвшигчид хуулийнхаа дагуу албан ёсоор сурталчилгаагаа өчигдөр хаасан байна. Сонгуулийн тухайн хуулийн 68.1, 68.6-д зааснаар сонгууль болохоос 24 цагын өмнө сурталчилгааг алба ёсоор хаах хуультай. МАН-ын нэр дэвшигчид хуулийн дагуу ийнхүү олон нийттэй уулзах ажлаа зогсоож байна. Хуулиа хүндэтгэн, хуулийн дагуу ажиллах нь тус намын хорооны сахилга бат, эрэмбэ дараатай байдлын илэрхийлэл юм.
Ард түмэн сонголтоо аль хэдийн (дотроо) хийсэн байх энэ үед сөрөг сурталчилгаа, худал мэдээлэл, хэн нэгнийг гүтгэн доромжилсон мэдээлэл гарч байгаа бөгөөд БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан хэлэхдээ:
-“ Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа залуустаа амжилт хүсэн, иргэн бүрийн сонголтын ард МАН нэр хүнд, иргэдийн итгэл хүндлэл байгаа. Манай нэр дэвшигчдийг худал гүтгэх, хууль бусаар доромжлох, сурталчилгаа дууссан хойно элдвээр мэдээлэл тараах зэрэг нь хууль бус үйл явдал газар авч болзошгүй байгаа тул иргэд худал мэдээлэлд автахгүй байхыг хүсч байна” гэсэн байна.
Сонгуулийн сурталчилгаат өдрүүд ийнхүү 17 хоногийн турш үргэлжилж өчигдөр албан ёсоор дуусч байна. Тус намын хороон дээр сонгуулийн сурталчилгааны албан ёсны өдрүүдэд элдэв гүтгэсэн доромжилсон онц ноцтой зүйлгүй, иргэд ам сайтай, залууст элэгтэй байсан ч зурагт самбар урах, машины цонх хагалах, ухуулагчдыг элдвээр доромжлох зэрэг зөрчлүүд гарч байсан. “Шударга өрсөлдөөн дотроос иргэд зөв сонголтоо хийх болно” гэдэгт бүрэн итгэлтэйгээр ажиллаж иржээ. Ийнхүү маргааш болох орон нутгийн болон Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшихээр танилцуулагдсан хүмүүсээс та сонголтоо хийх болох нь. Таны сонголт мэргэн байх болтугай.
Б.Саран