Эрүүл байя гэвэл уучилж сур

gfujo2ml07ndigkfibojfeces_b

Тухайн хүний эрүүл мэндийн байдлыг зан байдлаар нь тодорхойлж болох уу. Эртний славянчууд “тархиндаа бодол таривал үйлдэл ургах болно, үйлдэл ургавал дадал бий болно, дадлыг суулгавал зан ааш бий болно, зан аашийг суулгавал хувь заяа бий болно” гэж ярьдаг. Хүний амьдралын бүхий л зүйл хоорондоо харилцан уялдаатай. Хүний үйлдэл болгон өөрийн үр дагавраа амьдралд нь үлдээж байдаг. Тиймээс хүний зан ааш, төлөв байдлаас эрүүл мэнд хамаарч байдаг гэж хэлж болно.

Эрт дээр үеэс хүний зан ааш, биеийн байдал холбоотой гэдгийг нотлохыг оролдож байсан. Тухайлбал, анагаах ухааны эцэг Гиппократ хүний зан төлөвөөс эрүүл мэндийнх байдал хамаарна гэдэг таамаглал дэвшүүлж байжээ. Темперамент буюу хүний зан төлөвийн олон янз байх нь хүний бие организмд байдаг “амьдралын дөрвөн шингэн”-ээс хамааралтай гэж үзэж байжээ. Шар шингэн давамгайлсан хүн огцом ааштай, сэтгэлийн хөдлөл ихтэй байна, харин Гиппократын таамагласнаар шар шингэнийг цөс боловсруулна. Энэ зан төлөвийг холерик гэдэг. Тунгалаг шингэн давамгайлвал хүн зөөлөн ааштай, удаан хөдлөгөөнтэй байдаг. Тунгалаг шингэн ходоодонд боловсрогдох учраас ходоод өвдөх магадлалтай гэжээ. Энэ зан төлөвийг флегматик гэдэг. Улаан шингэн давамгайлсан хүн хөдөлгөөнтэй, хөгжилтэй, төлөв байдаг. Ийм хүн зүрхний эмгэгт өртөх магадлалтай. Энэ зан төлөвийг сангвиник гэдэг. Хар шингэн давамгайлвал хүн гунигтай, аймхай болдог бөгөөд Гиппократын үзсэнээр ийм хүн бүхий л төрлийн өвчинд өртөх магадлалтай. Энэ зан төлөвийг меланхолик гэдэг.

Орчин цагийн анагаах ухаан Гиппократын таамгыг огт үгүйсгээгүй. Дээр өгүүлсэн зан төлөвийг шингээсэн хүмүүсийн судасны цохилт нь хүртэл өөр өөр байдаг гэж үздэг. Сулхан, тогтвортой биш, давалгаа мэт судалгаа судасны цохилт меланхоликуудад ажиглагддаг бөгөөд минутад 83 орчим удаа цохилдог байна. Дорнын анагаах ухаанд үүнийг могойн хөдөлгөөнтэй зүйрлэдэг. Харин флегматикуудын судасны цохилт минутад 67 орчим удаа цохилох бөгөөд үүнийг дорнынхон нууранд хөвөх хунтай зүйрлэнэ. Сангвиникуудын цохилт 68-75, холерикуудынх 76-83 хүрдэг байна. Холерикуудын судасны цохилтыг мэлхийний үсрэлттэй зүйрлэдэг.

Гэсэн ч хүний зан төлөв ямар нэг өвчний шалтгаан болдог гэдэг дээр одоо болтол нэгдсэн ойлголт байхгүй. Зарим эрдэмтэд өөдрөг үзэлтэй хүмүүс өвчинд нэрвэгдэх нь бага гэж нотлохыг оролддог. Гэтэл эсрэгээр өөдрөг үзэлтэй хүмүүс амьдралд хөнгөнөөр хандаж, эрүүл мэндээ анхаардаггүйгээс харин ч эрт өвчинд нэрвэгддэг гэж хэлэх хэсэг байдаг. Гэхдээ эртний эрдэмтэд болон орчин цагийн эрдэмтэд нэг зүйл дээр санал нэгддэг нь зан төлөвөөс илүүтэй сэтгэлийн хөдлөл нь хүний эрүүл мэндэд нөлөөтэй. Монголоор бол сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ гэдэгтэй агаар нэг. Тэс өөр зан араншинтай хүмүүс нэг ижил өвчний оноштой байх нь элбэг.

Тэгэхээр хүн эрүүл байя гэвэл сэтгэлийн хөдлөлөө удирдаж, хянах хэрэгтэй гэсэн үг. Сэтгэхүйн байдал эрүүл мэндтэй холбоотой эсэхийг судалдаг хүмүүсийг психоматик гэдэг. Тэдний үзэж байгаагаар ямарваа нэг сөрөг эмоц, зовлон шаналал бие организмд мар нэг өвчний шинж тэмдгийг үлдээдэг байна. Энэ сөрөг эмоц дунд зөвхөн өвчин үүсгэх төдийгүй сэтгэхүйн хувьд таагүй ул мөр үлдээдэг эмоц байдаг. Жишээ нь, гомдох. Гомдол нь он удаан жилээр хүний сэтгэлд бул хар чулуу шиг шигдэж, томрсоор байдаг ажээ. Сэтгэлдээ удаан тээсэн гомдол хамгийн эдгэршгүй өвчин, тэр дундаа хавдар үүсгэх магадлалтай. Гомдол нь зөвхөн гомдоосон хүндээ таагүй хандахаас гадна хамгийн гол тэр хүнийг өөрийг нь тэгтэл гомдоох боломж өгсөнөөрөө өөрийгөө зэмлэж, өөрийгөө буруутгаж байдгаараа аюултай.

Мөн өөр нэг сөрөг эмоц бол уур хилэн. Ууртай хүмүүсийн зүрхний хэм тогтворгүй байж, гол төлөв 50 нас хүрэхээсээ өмнө бурхан болдог. Ууртай хүмүүс зүрхнээс гадна цөс, элэг өвдөх магадлалтай. Уурыг ихэвчлэн гомдол, цөхрөл, айдас, түгшүүр дагалдаж байдаг. Мөн гуниг. Гунигийг хүн тэр болгон бусдад илэрхийлээд байдаггүй, дотроо барьдаг учраас энэ яваандаа депресст хүргэдэг. Ийм хүмүүсийн зүрх муудахаас гадна, илүүдэлтэй байх нь элбэг. Мөн согтууруулах ундаанд илүүтэй татагдана.

Тиймээс хүн эрүүл байж, удаан насалъя гэвэл сэтгэл хөдлөлөө удирдаж, гомдлоо тайлж сурах хэрэгтэй. Гомдлыг уучилж л тайлдаг. Сэтгэл судлаачийн зөвлөгөө авч сурсан оронд гомдлыг тайлах сэтгэл зүйн аргууд байдаг. Харин монголчуудын хувьд тийм практик байхгүй. Өөрөө өөртөө л эмч хийхээс өөр аргагүй.

everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …