Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг цогцоор хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх ажлууд тусгагдсан. Мөн “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн 129 га газарт хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг нийслэлийн Орон сууцны корпорацийн захиалгаар “Нью-Урбанизм” ХХК хийж гүйцэтгэж байна. Тухайн шинэ суурьшлын бүсэд хөдөө аж ахуйн салбарын инновацид суурилсан бизнесийн орон зайг бүрдүүлэх замаар жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж, иргэдийг ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлснээр орон сууц худалдан авах нөхцөл боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.
Тус ажлын хүрээнд нийслэлийн Орон сууцны корпораци нь “Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх ажлын хүрээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг тодорхойлох нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг санаачлан зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, мөн ХХААХҮЯ, ЭМЯ, БСШУСЯ-ууд болон судалгаа шинжилгээний хүрээлэн төрийн өмчийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцож санал бодлоо солилцлоо.
Уг хэлэлцүүлгээр Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлогод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бизнесийн орчныг бүрдүүлэх боломж, цаашдын хамтын үйл ажиллагааг илүү нарийвчлан тодорхойлж, нэгдсэн шийдэлд хүрэх, ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.