Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан. Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах гэсэн хоёр үндсэн стратегитэй. Энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ дунд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж, гадаад худалдааны бараа эргэлт өснө гэсэн тооцоолол бий.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир,Я.Содбаатар, Л.Энхболд нар Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзаж, салбараас тусгагдсан төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт”-т эрчим хүчний салбараас тодорхой хэд хэдэн төсөл, арга хэмжээ тусгахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, Дулааны 3-р цахилгаан станцын 250 МВт болон Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станц, Эгийн голын 315 МВт-ын усан цахилгаан станц зэрэг төсөл багтаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд 3-4 төсөлд ач холбогдол өгч байгааг салбарын сайд П.Ганхүү онцоллоо. Улс орны хөгжлийн тулгуур энэ салбарыг дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарах гол гарц болох учраас дээрх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүд тодотгосон юм.
Эрчим хүчний яам