Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай 2 дугаар багийн “Цэнгэл” нууранд /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ иргэн Б-гийн 79-10 ХӨА улсын дугаартай Зил-130 загварын автомашин живсэн тухай дуудлага 2016.11.15-ны өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 албан хаагч ажиллаж живсэн автомашиныг 2016.11.15-ны өдрийн 18:08 цагт татан гаргасан байна.
Түнэл сумын иргэн Ц.Баттулга 31 настай, эрэгтэй, Д.Нямбаяр 18 настай, эрэгтэй, Б.Гэрэлчулуун 18 настай эрэгтэй нар өвөлжөөнөөс өвс татахаар явж байгаад нуурын мөс цөмөрч автомашин нь живсэн байна. Цэнгэл нуур нь 25-30 метрийн гүнтэй, хужиртай нуур юм байна. Нуур бүхэлдээ цасаар хучигдсан байсан тул дээрхи иргэд нууран дээр явж байгаагаа мэдэлгүй ийнхүү мөсөнд цөмөрчээ.
Машины хойд хэсгийн мөс эхэлж цөмөрсөн учраас иргэд бүхээгнээс гарч амжжээ.
Автомашин эргээсээ 40, дөрвөн метрийн гүнд живсэн. Усчин аврагчид нийт зургаан цаг ажиллаж усан дор 40 метр газрыг гудамжлан цөмөлж, живсэн автомашиныг троссоор холбон татаж гаргажээ.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 10 албан хаагч мэргэжлийн ур чадвар гарган шуурхай ажиллаж иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.