Хотын дарга Азийн хөгжлийн банкны захирлуудтай уулзлаа

p1b1ond1qm179vu0m114vj21h6c2

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн газрын захирал Аюуми Кониши, Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес Ломмен болон бусад салбар хариуцсан захирлуудыг  хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Азийн хөгжлийн банкны Монгол Улстай 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн талаар санал солилцож, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлд хэрэгжүүлэх шаардлагатай хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжлийн нэн тэргүүний ач холбогдолтой төслүүд, одоо хэрэгжүүлж буй төслүүдийн явц, цаашид хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав.

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн газрын захирал Аюуми Кониши “Бид хамтран ажиллаж ирснээс хойш хамгийн анхны том хэмжээний айлчлал болж байна. Монгол Улсын хувьд Төр, Засгийн газрын хөгжлийн хөтөлбөр, зорилго тодорхой, тогтвортой болж байна.

Энэ үед ирэх дөрвөн жилийн бүтээн байгуулалтын ажлыг ярихад зөв цаг үе гэж бодож байна. Туул голын усан цогцолбор, гэр хорооллын дахин төлөвлөлт, тусгай замын нийтийн тээврийн /BRT/ гэх мэт олон төсөл ирэх жилүүдэд үргэлжилж заримыг нь шинээр хийгдэхээр төлөвлөөд байна. Амжилттай хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг илүү хурдацтай, чанартай өргөн хүрээг хамруулж шинэ шатанд гаргахаар хичээн ажиллах болно” хэмээн хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ирэх дөрвөн жил эдийн засгийн хувьд амаргүй байх болно. Бид том зорилтууд тавьсан байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах, нийтийн тээврийн чадавхийг сайжруулах, Эрүүл мэндийн жишиг төв байгуулах, хот төлөвлөлт зэрэг олон ажлууд байна. Та бүхэнтэй хамтран энэхүү тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж ажиллах бодолтой байна” гэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Олон үндэсний хоолны тогооч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэмжлэгтэйгээр НЗДТГ, УБЗАА, Нийслэлийн …