Автобустай аялал зохион байгууллаа

БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн   мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн ажилтан, Нийслэлийн  таван дунд сургуулийн эко клубын сурагчдын төлөөллийг оролцуулсан автобустай аяллын баг  энэ сарын 16-ны өдөр АПУ ХК, Ариг Банк, “Гүнгэрваа” ХХК-д зочилж,  үйл ажиллагаатай нь танилцлаа.

БОАЖЯ-наас зохион байгуулж байгаа “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяны хүрээнд хийгдсэн энэхүү аялал нь Байгаль орчны менежментийн тогтолцоо – ISO 14001 олон улсын стандартыг  үйлдвэрлэл, үйлчилгээндээ амжилттай нэвтрүүлж байгаа бизнесийн байгууллагуудыг сурталчлаж  танилцуулах  зорилготой юм.

          Аяллын эхэнд АПУ ХК-ийн байгаль орчны асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд технологийн бүх дамжлагууддаа хийсэн эрчим хүчний зарцуулалтын үнэлгээ, гарсан үр дүн хэмнэлт-тэй танилцсан юм.  АПУ ХК эрчим хүчний хэрэглээгээ 180 000 квт-аар бууруулсан, саарал усыг үйлдвэрлэлд дахин ашиглаж цэвэр усаа хэмнэсэн,  хаягдал  дахин боловсруулах түүхий эдийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж сар тутам гарах хаягдлын хэмжээг 2100 кг-аар багасгаж чадсан зэрэг олон ажлыг амжилттай хийсэн байна. Мөн байгаль орчныг хамгаалах зорилтын хүрээнд  улсын хэмжээнд нийслэл, 21 аймагт нийт 3000 шил хүлээн авах цэг ажиллуулж, жилд 3.5 сая шил хүлээн авч дахин эргэлтэд оруулдаг аж.  Энэ бүхний үр дүнд ISO 14001 стандартыг хэрэгжүүлсэн анхны үндэсний үйлдвэрлэгч болсон байна.

  Аялал цаашаа  үргэлжилж  Ариг Банкны Хан-Уул дүүргийн “харилцагчийн өргөө”-гөөр зочилсон. Найрсаг харьцаа ногоон хэрэглээг хэвшлээ болгож байгаа нь үүдээр оронгуут харагдаж байв. Ундааны хоосон саваар буйдан, гэрлийн бүрхүүл, хогийн сав зэрэг  бүтээгдэхүүн хийсэн нь аяллын багт ногоон хэрэглээг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх өөр нэг өнцгийг харуулж чадсан.  “Дэм дэмэндээ” хуучин хувцас эдлэл цуглуулах, “Итгэл, Найдвар, Боломж-Улаанбаатар” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ зэрэг байгальд ээлтэй олон хөтөлбөрүүдтэй танилцсаны дараагаар  бид  “Гүнгэрваа” ХХК-ийг  зорилоо.

Байгальд ээлтэй үйлдвэрлэл, чанартай бүтээгдэхүүнийг зорилтоо болгож ажилладаг хамт  олон манай аяллын багийг найрсаг хүлээн авч халуун аарцаар дайллаа. “Гүнгэрваа” ХХК нь барилга болон эрчим хүчний  байгууламжийн бетон, төмөр бетон, эдлэлийн үйлдвэрлэлийг эрхэлдэг. Байгалийн нөөц, түүхий эдийг ариг гамтай, үр ашигтай  хэрэглэхийн тулд байгальд ээлтэй ногоон технологийг хэрэгжүүлэхийг  зорьж ажиллаж байгаа гэнэ.  “Гүнгэрваа” ХХК-ийн үйлдвэрлэдэг  гэрлийн нэг шон  нь ойгоос нэг мод огтлохоос сэргийлдэг бөгөөд эрчим хүчийг 21 аймагт холбох  үндсэн материал болж байна.   Цахилгааны хэмнэлт, хог хаягдал гаргахгүй байх  ногоон хэрэглээний хандлагыг бий болгосноор  нэг жилд 39 сая төгрөгийг хэмнэж чаджээ.

Эдгээр кампаниудын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд нь аялалд оролцогчдын сонирхлыг ихэд татаж, ногоон хэрэглээг амьдралдаа бодитоор бий болгох, ногоон хэвшил, дадалд суралцах ойлголтыг өгсөнөөр  аяллын үр дүнг нэмэгдүүлж байлаа. Мөн эко клубын сурагч, оюутнуудад  Байгаль орчны менежментийн тогтолцоо – ISO 14000  олон улсын стандартын талаарх мэдлэгт хувь нэмрээ орууллаа.

Байгаль орчны яам

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …