Хотын даргад илгээх захидал


Хангарьд ордонд тухлан суугаа

Хотын дарга аа,

Сайн байна уу?

Түгжрээ, халтиргаа, бас стресстэй нийслэлийн тань

Тэвдэж ядарсан иргэдийн төлөөлөл болох сэтгүүлч бүсгүй би

Сайн байна

Халуун зунаар та манай хотыг

Хачин сайхан нийслэл болгоно гэж амлан гарч ирсэн

Сэтгэл баясгасан тэр амлалт тань

“Сэрэх” цаг болоогүй юм уу

Саарал хотын минь зам талбай мөсөөр хучигдаад

Савж унасан иргэд, саяхан мөргөлдсөн машины эзэд ууртай байна

Сар нь ч харагдахгүй утаатай нийслэлээ

Сайхан үнэртэй гээд мөнгө төсөвлөөгүй ээ, та

Цардмал зам, барилгын шат, довжоон дээр халтирч ойчиг гээд

Цайртай толь шиг гялгар хавтангаар хучихыг зөвшөөрсөөн, таны өмнөх дарга нар

Нүдэнд дулаахан хотын дарга минь

Нийслэлчүүдээ ингэж зутраах хэрэг байна уу даа

Уужуу зангаар тэвчээр зааж цастай, гулгаатай долоо хоногийг үдлээ

Удахгүй болох шинэ жилийн бэлтгэл болгож, уран гулгалт хийж сурлаа

Урагш ахидаггүй машины түгжрэл дунд уур бухимдлаа барах зуураа

Унхиагүй дарга таныг хэдэнтээ дурссан, чих тань хангинаагүй юу

Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд нийтийн тээврийн хүрэлцээ хомсдож

Хөл гараа бээртэл буудал дээр хүлээж байна, иргэд

“Алба”-наасаа хоцорсон жаалууд, ажилдаа цагтаа ирж чадаагүй нөхөд

Алдааг нь тан руу л түлхэж байна, анзаардаг л биз дээ.

Малийтлаа инээгээд цас цэвэрлэж байхыг тань зурагтаар харсаан

Маньд гэхдээ шоу биш, нүдэнд харагдах ажил л хэрэгтэй

Элс, давс, цас хайлуулах бодисоо ихээр тарааж өгч болоогүй юм уу

Эртэч ТҮК-ийнханд бурууг бүү чихээрэй, шүүмжлэлийг танд л илгээе

Гэмтэж бэртсэн иргэдийн хариуцлагыг үүрч чаддаггүй юм гэхэд

Гэгээ гэрэлтэй төлөвлөгөөнд тань иргэдээ гэсэн үг, өгүүлбэр байгаа гэж найдъя

Өдөржин гэртээ цоожлуулдаг жаалууд цэцэрлэг зүүдэлж хонодгийг та мэдэх үү

Өвөлдөө утаа, мөс, зундаа шороо, шавхайндаа дарагддаг нийслэлчүүд

Амьд явах эрхийнхээ төлөө жагсахаас аргагүй болж байгааг анзаарсан уу

Айсуй зудны сургаар аргаа барахдаа танд анхааруулъя гэж бодлоо

Машин тэрэг нь багтахаа больсон нийслэлд

Маргааш, өнөөдөргүй хэд л бол хэдээрээ авто зогсоол хэрэгтэй байна

Хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй таныг өөлж муулан

Хотын даргад тэнцэхгүй хүн гэлцэх боллоо

Манай, танай нам гэж халаа сэлгээ хийж суух зуур тань

Миний, таны нийслэл өнгө алдан зутарсаар байна шүү.

Ундууцаж ядарсан иргэдийн тань тэвчээрийн хүлээс алдрахад ойрхон байна

Ухаарч үзээрэй та минь, урт өвөл эхэлж байна шүү.

Улсын минь нийслэл

Улаанбаатар хотод

Сэтгэл байвал уг нь жаргал бий

Баяртай дарга минь

Хариу бичээрэй

Байнгын минь хаяг

“Улаанбаатар!”

эх сурвалж: Өнөөдөр.мн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …