Шүүхийн ерөнхий зөвлөл, Тайвань дахь Монгол, Түвдийн хороо болон Тайванийн Шүүхийн ерөнхий газар хамтран зохион байгуулдаг шүүгч нарын туршлага судлах, 11 дэх удаагийн сургалт энэ сарын 21-ний өдөр Тайвань улсын Тайпэй хотын Шүүхийн академид эхэллээ.
Энэ удаагийн сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Б.Уранцэцэг, анхан болон давж заалдах шат, Улсын дээд шүүхийн 13 шүүгч хамрагдаж байна.
Тайванийн Шүүхийн академи нь тус улсын Шүүхийн ерөнхий газрын харьяа байгууллага бөгөөд улсын хэмжээнд шүүгчдийг давтан сургахад үйл ажиллагаа нь чиглэдэг. Монголын шүүгчид 2006 оноос хойш жил бүр Тайванийн Шүүхийн академид очиж, тус улсын шүүх тогтолцоо, эрх зүйн орчин, хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаатай танилцан, туршлага судалдаг. Өнгөрсөн хугацаанд Монголын 135 шүүгч тус улсын Шүүхийн академиас явуулдаг түр сургалтад хамрагдаад байгаа юм. Шүүгчдийн 11 дэх удаагийн сургалтын нээлтийн арга хэмжээнд Тайвань дахь Монгол, Түвдийн хорооны дарга болон тус улсын Шүүхийн ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд оролцлоо. Сургалтын эхний өдөр Тайванийн Жи Лонг орон нутгийн шүүхийн дарга Цай Мин Яо Тайванийн шүүх тогтолцоо, шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Суралцагчид цаашид тус улсын анхан болон давах, хяналтын шатны шүүх, дагнасан шүүхүүд, орон нутгийн болон бүсийн шүүхүүд дээр ажиллаж, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд сургалт арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.