“Бид Монголоороо бахархдаг” монгол бичиг соёлын үзэсгэлэн боллоо

59095b48cf4fc62dd36a1073c9dc2174

Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдөр болон Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110  жилийн ойд зориулан “Бид Монголоороо бахархдаг” монгол бичиг соёлын үзэсгэлэнг  Дархан-уул аймгийн  Нутгийн удирдлагын ордноо зохион байгуулллаа. Тус үзэсгэлэнд Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн Үлэмжийн чанар, өвгөн ноён Пүрэвжавын “Шулуун журам” хэмээх хурдан морины заслын судар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн Тусгаар тогтнол, Чингис шүлгүүдийн уран бичвэрийг дэлгэн тавьжээ.

Эдгээр уран бичвэрүүдийг  Дархан-уул аймгийн 30 дугаар сургуулийн сургалтын менежер Ж.Эрхэмсайхан өөрийн гараар бүтээсэн байна. Мөн үзэсгэлэнд их зохиолч Д.Нацагдорж, В.Инжинаш, Б.Явуухулан, Ш.Гүрбазар, Ц.Бавуудорж нарын алдарт бичгийн эрдэмтдийн гар бичвэрүүдийг дэлгэхээс гадна  түүх, утга зохиолын ховор 30 гаруй ном, бичгийн гэрийн дөрвөн эрдэнэ болох бийр, бэх, муутуу, янтай, хувь хүмүүсийн нэрийн тийз, мутрын дардсан төрөл зүйл зэргийн бэлгэдэл зориулалт, хэрэглээг олонд танилцуулсан юм.

“Бид Монголоороо бахархдаг” үзэсгэлэн нь хүн төрөлхтний бичиг соёлын давтагдашгүй өв болсон Монгол Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх судлан сурталчлах, Монголын төр нийгмийн зүтгэлтнүүдийн гар бичвэрүүд болон түүхэн ном судар, утга зохиол яруу найргийн шилдэг бүтээлүүдтэй танилцуулах, Үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс  үзэсгэлэнг  Дархан-уул аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон явуулж, ач холбогдол, цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …