Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал Үндэсний бодлогын чуулган өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэлж байна.

Дэлхий нийтэд түгээмэл тохиолддог аюулт үзэгдэл, ослоос манай оронд ган, зуд, цасан болон шороон шуурга, аянга цахилгаан, аадар бороо, үер, обьектын болон ой, хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, усны осол, техникийн холбогдолтой осол зэрэг аюулт үзэгдэл, осол нийтлэг тохиолддог. Эдгээр аюулт үзэгдэл, осолд өртөгсдийн 30 гаруй хувийг хүүхэд эзэлж байна.

Улсын Их хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл орчинд суралцах нөхцлийг бүрдүүлэх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд аюулгүй амьдрах ухааны сургалтыг нэвтрүүлэх, сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл суралцах орчин болгох, хүүхдийг эрсдэлгүй, осол эндэлгүй, эрүүл амьдрах чадварт сургах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Тийм ч учраас “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” Үндэсний бодлогын чуулганы” гол зорилго  цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхдийн сурч хөгжих аюулгүй орчин бүрдүүлэх, газар хөдлөлт зэрэг болзошгүй авул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлох, салбаруудын хамтын  ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

Чуулганд аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлага, төсөл хэрэгжүүлсэн зорилтот сургуулиудын төлөөлөл, сургуулийн аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.