Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай ярилцлаа.
-Таныг найман сарын дараа эргээд Орон нутгийн сонгуулиар дахин аймгийн Засаг болсноос хойш анх удаа ярилцаж байгаа болохоор ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрөөс яриагаа эхлэх үү?
-Шат шатны сонгууль өнгөрч Дарханчууд МАН-д итгэл хүлээлгэж аймгийн МАН-ын 2016 оны Орон нутгийн сонгуульд оролцсон “Есөн эрдэнийн мөрийн хөтөлбөр”-ийг дэмжсэн. Тус хөтөлбөрийн 9 бүлэг, 142 арга хэмжээнээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 80 арга хэмжээ нь шууд тусгагдаж 56 арга хэмжээг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгалаа. У хөтөлбөрт бидний өмнө тулгамдаж буй олон арван асуудлыг тусгахын дээр олон давтамжтай, иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа асуудлуудыг нэгтгэж бүтээн байгуулалтын томоохон 13 ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төслүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хөтөлбөрт “Жишиг хороолол” төслийг хэрэгжүүлж иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлж чадсан бол ирэх дөрвөн жилд “Тохилог хороолол” төсөл хэрэгжүүлж гэр хорооллын иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Өмнө нь жишиг хороолол төслийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах ажлыг хийж байсан бол одоо “Орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж орцуудыг засварлаж орон сууцуудын доорх инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажилд түлхүү анхаарна.
-Энэ бүхнийг ямар хөрөнгөөр хийх вэ? Аймаг орон нутгаас гаргах хөрөнгө нь байгаа юу?
-Улс орны эдийн засаг хүнд гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ бид дэд бүтэцтэй газраа дуудлага худалдаанд оруулж төсвийн орлогоо нэмэгдүүлж хандивлагч орны зээл тусламжийг үр дүнтэй ашиглах замаар боломжийг эрж хайх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж тооцоход 2019 он гэхэд эдийн засаг сэргэнэ. Үүнээс гадна хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд олон талт эх үүсвэрийг судалж байна. Азийн хөгжийн банк болон бусад гадаадын хөрөнгө оруулагчдын урт хугацаатай зээл тусламжаар Дархан-Шарын гол сумын хооронд дахь 49 км хатуу хучилттай гуравдугаар зэрэглэлийн автозамыг барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллах гэрээний төсөлд Дархан-Шарын голын авто зам, Хонгор Салхитыг холбосон авто зам, шинэ хуучин Дарханыг холбосон авто замын үлдэгдэл болох 5.8 км авто замын ажлыг суулгахаар санал солилцож, хүсэлтээ тавьсан. Мөн Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь хүнсний ногоо боловсруулах үйлдвэрийг Орхон суманд байгуулах шийдвэрийг Засгийн газраар дэмжүүлж хэрэгжүүлэхээр болсон. Шарын голын уурхайн нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ашиглалтыг сайжруулж түүнээс гарсан бүтээгдэхүүнийг ашиглана. Боловсролын салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс “Боловсрол хотхон”-ы бүтээн байгуулалтыг эцэслэнэ гээд хийх олон ажил байна.
-Орон нутгийн тээвэр, авто замыг хариуцах аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулахаар болсон гэж сонссон. Гэтэл төрийн байгууллагын бүтцийг данхайлгаж орон тоо нэмэхгүй байх шийдвэр гарсан болохоор энэ биелэх үү?
-2015 онд Шийдлийн Засгийн газраас аймгуудын Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын бүтэц орон тоог батлахдаа тээврийн салбарыг үндсэнд нь байхгүй болгосон. Үүнээс хойш өнөөг хүртлэх Дархан-Уул аймаг хүн тээвэр, ачаа тээвэр, авто замын нэгдсэн бодлогогүй, зохицуулах эрхзүйн орчин бүхий байгууллагагүй явж ирлээ. Тэгсэн хэрнээ авто тээврийн тухай хуулиар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж ажиллах томоохон асуудлын нэг нь тээвэр, авто замын асуудал байдаг. Одоогоор “Авто тээврийн үндэсний төв”-тэй гэрээ байгуулж диспетчерийг нь цалинжуулаад тус төвөөр дамжуулж хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээг хянуулж байна. Цаашид олон арван км хатуу хучилттай авто замууд ашиглалтад орно. Өвөл болж байгаа болохоор хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингээд бид дээрх хүндрэлтэй асуудлаа шийдэх хүрээнд орон нутгийн өмчит газар байгуулж, 2017 оны нэгдүгээр дүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэж байна. Энэхүү “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар” нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар төсөвт хүндрэл учруулахгүй байх зарчмаар ажиллах юм.
-Аймгийн Барилга захиалагчийн албыг 2013 онд яг ийм зарчмаар байгуулж байсан. Гэхдээ ажил үүрэг давхацаж байна гэх шалтгаанаар татан буулгачихсан байснаа энэ онд сэргээсэн. Энэ талаар?
-Хөрөнгө оруулалтыг зөв зарцуулж бодит ажил болгох үүднээс бид “Дархан барилга захиалагчийн товчоо”-г байгуулсан. Уг товчоо нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх орон нутгийн өмчит гэдгээрээ онцлогтой. Татан буулгасан удирдлагууд, хэвлэл мэдээллээр орон нутгийн төсөвт ачаалал өгсөн мэтээр тайлбарласан л даа. Гэтэл үнэндээ төсөвт ачаалал үүрүүлж байгаагүй, тендерийн магадлалгүй ажлын хоёр хувиар санхүүжилтээ олж байсан. Энэ нь эрх мэдлийн давхцалыг бий болгох биш харин ч аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтыг чанартай хийхэд илүү анхаарч чадсан юм. Тэр ч утгаараа бид энэ онд тус байгууллагыг дахин байгуулсан.
-Танай аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хэр зэрэг байдаг вэ? Ялангуяа цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүйгээс хүүхдүүд Сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдаж чаддаггүй гэж сонссон?
-Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд төрөлт эрс нэмэгдсэн. Хэдхэн жилийн дараа сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын бага бүлгийн хамран сургалт тулгамдсан асуудал болж хувирна. Бид 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Дээр нь өөр зориулалтаар ашиглагдаж байгаа барилга байгууламжийг суллаж засварлах замаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Тухайлбал аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэс шинэ байранд шилжсэнтэй холбоотойгоор хуучин байрыг нь анх баригдсан зориулалтаар нь ашиглах санал иргэдээс ирэх болсон. Саяхан хот орж энэ ажлыг хөөцөлдөөд ирлээ. Засвар арчилгааны хөрөнгө, байрны үлдэгдэл үнийг шийдчихвэл 210 хүүхдийн цэцэрлэгийн байр ирэх онд бий болох боломжтой. Мөн ОХУ-ын өмчлөлд байдаг Прокурорын байгууллагын ашиглаж байсан хуучин байр Дархан сумын дөрөвдүгээр багт бий. Сүүлийн жилүүдэд өмчлөлийн асуудлаас болоод ашиглагдахгүй байгаа. Анх баригдахдаа цэцэрлэгийн зориулалттай баригдсан тус барилгын асуудлыг Оросын талтай тохирч чадвал 280-320 хүүхэд хүлээн авах боломжтой болно.
-Хотоос алслагдсан гэр хорооллын хүүхдүүд тэр бүр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Тэдгээр оршин суугчдын хүүхдүүдийг яах бодолтой байна вэ?
-Дархан сумын “Хөтөл” хороололд нэг цэцэрлэг барих зайлшгүй шаардлага байна. Тус сумын 15 дугаар баг, үйлдвэрийн дүүрэгт БНСУ-ын хөрөнгөөр баригдаж байгаад дутуу орхигдсон нэлээд том барилга байгууламж байгаа. Үүнийг сургууль цэцэрлэгийн байр болгож чадвал 540 хүүхдийн бага сургууль хэлбэрээр ажиллуулах бүрэн боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Мөн дараагийн дөрвөн жилд 960 хүүхдийн сургуулийг 15 дугаар багийн нутаг “Хүслийн хотхон”-ы урд талд нийтийн шугам сүлжээнд ойрхон газар барихаар төлөвлөсөн. Газрыг нь бэлдсэн, төсвийг нь ирэх жтлүүдэд багтааж заавал шийдүүлнэ.
-Газар олголтыг танай аймаг хэрхэн шийвэрлэж байна вэ? Хууль бусаар газар олгосон тухай шүүмжлэл их гарч байна?
-Газрын тухай хуулинд тодорхой заасан байдаг. Сумын Засаг дарга хашааны газар буюу инженерийн дэд бүтэц, шугам хоолойд холбогдоогүй газарт иргэдэд газар өмчлүүлнэ. Харин аймгийн Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу газар олголт хийдэг. Таны асууж байгаа мэдээллийн хувьд өнгөрсөн найман сарын хугацаанд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулалгүйгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймаг дээрээ батлаж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх ашгийг зөрчсөн. Дээр нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өнгөрсөн 5-7 дугаар сарын хооронд гурван удаа тодотгож 400-гаад хүнд газар олголт хийсэн байна. Тухайн үед Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг мэдэгдэж байсан ч уг асуудал хэвээр үргэлжилсэн. Үүний уршгаар олон иргэн хохирох болчихоод байна. 2008 онд Г.Эрдэнэбат Засаг даргаар ажиллаж байх үед гарсан хотын дотор шатахуун түгээх станц, гараашийн газар олголт хийгдэхгүй гэсэн захирамжийн хэрэгжилт байхгүй болсон зэрэг асуудлууд хөндөгдөж байгаа. Энэ бүгдийг засч залруулах нь зайлшгүй учраас бид аймгийн Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж хоёр сар гаруйн хугацаанд хяналт шалгалт хийлээ. Ингээд гарсан зөрчил, дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж тодорхой шийдвэрүүдийг гаргаад ажиллаж байна.
-Дархан улсын хоёрдогч том хот учраас хот төлөвлөлт яаж хийгддэг вэ? Та түрүүн хотын ерөнхий төлөвлөгөө гэж ярьж байсан тэр төлөвлөгөөнийхээ тухай ярьж өгөөч?
-Дархан хотын ерөнхий төлөвлөгөөг “Арт” констракшн компани боловсруулж байгаа. Энэ ажил удаашралтай байна. Аймгийн ЗДТГ-ын үүдэнд 10800 айлын нийтийн эзэмшлийн орон сууцыг төлөвлөсөн загвар байрлуусан байгаа. Тэр бол иргэдийг хуурсан үзүүлэн биш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байсан ажил. Энэ хүрээнд тээврийн товчооны цаана III хорооллыг төлөвлөж, “Бурхант дэд станц”-аас 5.1 тэрбум төгрөгөөр цахилгаан хангамжийг нь шийдвэрлэсэн. Энэ бол цаашид хоёдугаар хорооллыг цахилгааны хоёр эх үүсвэртэй болгож улмаар Гуравдугаар хороололд төлөвлөсөн бүтээн байгуулалтыг барихад цахилгааны эх үүсвэр найдвартай байхаар тооцож хийсэн ажил. Энэ бүх ажлууд төр засаг солигдох үеэр зогссон. Тэгэхээр одоо эхлүүлсэн бүхнээ цаашид үргэлжлүүлнэ.
-Дархан-Уул аймаг ногоон хөгжлийн бодлоготой гэж сонслоо? Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-2014-2015 онуудад бид аймгийн хэмжээнд нэг га газарт хэдий хэмжээний ургамал ургаж байна вэ, цөлжилтөөс болж устаж үгүй болж байгаа ургамал байгаа эсэх, ойн сан ямар хэмжээнд байгаа зэргийг судалсан. Уг судалгаанд тулгуурлаж салбарын яам бодлогоо тодорхойлж орон нутаг хэрэгжүүлээд явах нь дамжиггүй. Нөхөрлөлийн тухай хууль гарч, ашиглалт сайжирснаар ой хээрийн түймэр багассан. Үүнтэй холбоотой аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд зэрлэг ан амьтан ихээр суурьшиж байна. Энэ бол нааштай үр дүн.
-Дарханыг үйлдвэрлэлийн хот гэж үздэг. Улсын хэмжээнд үйлдвэрлэл явуулдаг томоохон үйлдвэрүүдтэй. Тэдгээрээс Төмөрлөгийн үйлдвэр онцгой байр эзэлдэг ч ажилчид нь сул зогсолтын мөнгөө авч чаддагүй, олборлосон хүдрээ хилээр гаргадаг гэж сонссон?
-Энэ үйлдвэрийг концессын гэрээгээр хувьчилсан цагаас л эхлэж хэл ам таталсан нөхцөл байдал орон нутагт үүссэн. Он гарснаас хойш Төмөрлөгийн үйлдвэр орон нутагт 1.6 тэрбум төгрөгийн өртэй, нийгмийн даатгалын санд бас энэ хэмжээний өртэй явдаг. Ажил олголтын талд хүндрэлтэй, төсөл хөтөлбөр нь зогсонги байдалтай байгаа энэ үйлдвэрийн ажлыг цааш явуулахын тулд бага хэмжээний хүдрийг баяжуулахгүйгээр шууд ачилт хийж олсон орлогоороо хүмүүсээ цалинжуулж дараагийн үйлдвэрийн технологийнхоо урьдчилгаа төлбөрөө өгөх байдлаар явж байгаа.
Б.Норовсамбуу