“Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн хуралдаан боллоо

1174affb97a316d6439971de92a5f17d

Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Сүүлийн 10 гаруй жилд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил идэвхтэй болж ирсэн байна. Сүүлийн 3 жилд гэхэд жилдээ 2500 орчим газар хөдлөлт зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгджээ. Тиймээс газар хөдлөлтийн эрсдлээс ард иргэдийг хамгаалах, хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд авах арга хэмжээг зохион байгуулах байнгын ажиллагаатай зөвлөл байгуулагдсан юм.

Хуралдааны үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах секторын эрхлэгч, доктор М.Өлзийбат хэлэхдээ “Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил, хүнд мэдрэгдэх хэмжээний хүчтэй газар хөдлөлтийн тоо ч бас нэмэгдэж байна. Нэг хоногт 200-300 удаа газар хөдөлж байсан тохиолдол ч бий. Өмнө нь хүчтэй газар хөдөлж байсан хагарлуудыг дагаад дахин идэвхжиж байна гэсэн үг. Үүнээс үзэхэд газар хөдлөлтийн аюул Улаанбаатарт ойрхон байна. Тиймээс үүнд бэлэн байх хэрэгтэй. Байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагаа ч үүнд чиглэгдэнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт газар хөдлөлийг хэмжих, идэвхжилийг өндөр нарийвчлалтайгаар тасралтгүй хянах орчин үеийн 36 багаж хэрэгсэл байрлуулсан” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү “Байнгын ажиллагаатай зөвлөлийн гол үүрэг нь Улаанбаатар хотод газар хөдөллөө гэхэд ямар зохион байгуулалттайгаар, ямар хүн хүчээр ажиллаж, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэсэн зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэх юм” гэв. Хуралдаанд оролцогсод Одон орон, геофизикийн хүрээлэн дэх газар хөдлөлтийн идэвхжилийг станцуудаар дамжуулан хянадаг лабораторитой танилцлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …