11-р сарын 13 оройн 19 цагийн орчим Хохирогч Э нь 35** /УБ*/ улсын дугаартай приус маркийн автомашинд гар өргөн суух гэж байтал, баруун гар талаас нь 61** /УН*/ гранд марк2 маркийн машин ухрах үйлдэл хийхдээ, хохирогч Э-гийн гарыг приус машины хаалгатай хавсран мөргөж, улмаар Хохирогч Э-гийн баруун гарын ядам хуруу бяцарч чигчий хуруу тасарчээ.
Ухрах үйлдлийг анхаарал болгоомжгүй хийсэн учраас хүний гар хуруу тасдах хэмжээнд хүртэл мөргөсөн хэрэг. Гэтэл Хэрэгт холбогдсон сэжигтнүүд болох Э, Т нар нь цагдаагийн албан хаагчид бөгөөд 35** /УБ*/ улсын дугаартай приус маркийн автомашины эзэмшигч Э нь ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн ажилтай.
Харин мөргөсөн жолооч нь 61** /УН*/ улсын дугаартай марк2 маркийн автомашины эзэмшигч Т нь БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер ажилтай юм байна.Ийнхүү цагдаа нар жолоогоо “бүрэн атгаж” чадаагүйнхээ төлөө Ерөнхий боловсролын сургуулийн сурагч эд эрхтэнээрээ хохирсон хэрэг гарсан.
Хэрэг гарсны дараа хохирогч Э-гийн ээж охиноо ГССҮТ-лүү авч явах гэсэн боловч холбогдогч этгээд Т нь охины элдвээр загнан зандарсан байна. ГССҮТ-д ирсний дараа хохирогчийн эцэг эх, холбогдогч этгээд Э,Т нараас бичиг баримтаа өгөхийг шаардсан ч, Т нь өгөлгүй хариуцлагаас мултрах гэж оролджээ. Цагдаа хүн мэргэжлийн онцлогоосоо шалтгаалан хаана юу хэлэх, хэнийг хэрхэн “айлгаж” сандаргахаа мэддэг гэхэд нэг их хол “зөрөхгүй” л байх. Нэг үгээр ажил мэргэжлээ ажлын бус цагаар, хэрэгт холбоглсон үедээ урвуулан ашиглаж загнасан гэсэн үг. Хүүхдийнх нь хурууг тасалчихаад эхийг нь элдэвээр загнах нь энэ төрийн цагдаагийн үйл яав чиг биш. Харин ч уучлалт гуйж, эмчилгээнийнх нь зардлыг төлж байх учиртай.
Гэтэл нөхцөл байдал дээр хохирогч охинд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүйн дээр уулзаж, уучлалт гуйгаагүй байна. Насанд хүрээгүй шахуу эрхтэн дутуу болж байгаа энэ охин такси барьж явах гэснээсээ буруудаж, цагдаагийн ёс зүйгүй аашлахыг үл ойлгон суугаа. Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд хүчирхийллийн гэмт хэрэг, асуудал гарвал цагдаа дууд, хаана ч явсан иргэнийхээ үүргийг биелүүлж тусламж хэрэгтэй хүнд цагдаа, эмнэлэг дуудаж өгдөг байх хэрэгтэй хэмээн сургадаг. Гэтэл яг амьдрал дээрээ 100% эсэргээрэй байгаад сурагчид, багш нар, эцэг эхчүүд “эмзэглэж” байна.
Тасарсан чигчий хуруу бүрэн ажиллагаанд орох болов уу?, үеийнхэндээ “тахир татуу” хэмээн адлагдах сэтгэл зүйг яах уу? Энэ хэргээс үүдэлтэй өсвөр үеийнхэн Цагдаа хүнийг үзэн ядах сэтгэлгээ гарвал яах уу?
Эрхэм цагдаа нар энэ тухай бодож үзэв үү. Хэргийн газар ажлаараа биш амьд хүн шиг харьцаад ойлгоод нэг үзэх хэрэгтэй.
/зургийг фейсбүүк хуудаснаас авав/
Харин Хохирогч Э-гийн ээжтэй утсаар холбогдоход Э нь одоогоор гэртээ хичээлдээ явах боломжгүй, баруун гар нь одоог хүртэл бүрэн ажиллахгүй, өдөр болгоны шаналал зовлонтой байгаа аж. Өдийг хүртэл хэрэгт холбогдогчид хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаагүй, дарамталсан хэвээр байгаа гэдийг ярьлаа. Хохирогчийн ээж охины минь гарыг гэмтээчихээд уучлалт гуйхгүй, ямар тусламж үзүүлэхгүй байж эрх мэдэлээ урвуулан ашиглан биднийг “дарамталж” байгаад маш их гомдолтой байгаа гэдгийг хэллээ.
Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар тодорхой мэдээлэл авахыг хүссэн боловч мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгджээ. Мянга мянган өсвөр насныхны төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн төлөөлөл болсон энэ охины хэргийг цагдаагийн байгууллага яаж шийдэхийг эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид, хамт олон, өсвөр насныхан, сэтгүүлчид, монголын ард түмэн хүлээж харж сууна. Хэрэгт холбогдсон цагдаа нарт “ямар хуулийн зүйл заалтаар” ямар хариуцлага, ял шийтгэл, ямар ажиллагаа хийгдэхийг цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийх байх хэмээн найдаж байна.
Б.Саран