Хуучнаар хүүхэд асран хүмүүжүүлэх төвийг одоо “Өнөр бүл” төв гэж нэрлэн захирлаар нь Б.Бурмаа гэгч сонгогдсон байна Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн захирлаар томилогдсон Б.Бурмаа гэгч эмэгтэй өнчин хүүхдүүд болон тус төвд ажиллаж буй багш, ажилчдын амьдралыг орвонгоор нь эргүүлээд байгаа тухай мэдээлэл манай сонинд ирлээ. Учир нь бидний нэрлэж заншсан Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд ажиллаж байсан багш, ажилчид гээд 30 гаруй хүнийг ор үндэслэлгүйгээр ажлаас нь халж гудамжинд гаргажээ.
Б.Бурмаа нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд тус төвд томилогдон ирснээсээ хойш мэргэжлийн бус хүмүүсийг ажилд авсан гэх. Түүний ажилд авсан хүмүүс нь бүгд өөрийнх нь хамаатан садан болон ойр дотныхон нь болохыг хуучин ажиллаж байсан олон хүн гэрчилж байв.
Хэрэв хэн нэгэн ажилтан түүний өөдөөс эсэргүүцсэн үг хэлэх аваас шууд л ажлаас халдаг жишгийг тус төвд тогтоожээ. Харин ажлаас халагдсан багш ажилчдын ихэнх нь өөрсдийн залуу насаа өнчин хүүхдүүдэд зориулж явсан буянтай хүмүүс байдаг юм билээ.
Хамгийн гол нь дээрх багш, ажилчид өөрсдийгөө ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа огт мэддэгүй байна. Товчхондоо Б.Бурмаа насаараа ажилласан хүмүүсийг “Надад таалагдсангүй” гэх шалтгаанаар ажлаас халж байгаа нь хуульд хэр нийцтэй юм бол гэх олон хүн байгаа юм. Түүгээр ч зогсохгүй одоо ажиллаж байгаа зарим нэг ажилчид нь “Бид хэзээ халагдах бол” гэсэн айдас, хүйдэстэй өдөр хоногийг өнгөрөөж байгаагаа ч хэлж байв.
Баттай эх сурвалжийн ярьж буйгаар “Б.Бурмаа захирал манай төвд томилогдож ирснийхээ дараахан Цэцэрлэгийн жижүүрээр ажиллаж байсан С.Законыг арванхоёрдугаар сарын 28-нд ажлаас нь чөлөөлсөн. Түүний утга учиргүй халаа, сэлгээ эндээс л эхэлсэн. Ажлаас халагдсан жижүүр өөрийгөө ямар шалтгаанаар чөлөөлөгдөх болсоноо ойлгоогүй учраас хууль, хяналтын байгууллагад хандсан. Хөөцөлдөж явсаны үр дүнд гэнэт ажлаас чөлөөлөгдсөн мөнгөө нөхөн төлбөр болгож авахаар болсон. Энэ нь Б.Бурмаа захирлыг хууль бус шийдвэр гаргасныг гэрчилнэ” гэв.
Үнэхээр ч С.Законыг дээрх асуудлаар хуулийнханд хандахад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2013 оны хоёрдугаар сарын 19-ний албан тоот болон Прокурорын 2013 оны гуравдугаар сарын 6-ны 720 тоот, Баянзүрхийн шүүхийн дөрөвдүгээр сарын 9-ний 842 дугаар тоот шийдвэр ирүүлжээ. Уг шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал төдийгүй эрүүл мэндийн дэвтэрт зохих бичлэг хийхийг Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд даалгасан байж. Ингээд тэрбээр өөрийн гэнэт ажлаас халагдсаны төлбөрт дундаж цалинг 601 мянга 136 төгрөгөөр тооцож ажилгүй байсан гурван сар долоо хоногийн цалин болох нэг сая 994 мянга 676 төгрөг авахаар болоод байгаа аж.
Харин олон жил багшаар ажилласан Г.Хандмааг дүүргийн мэргэжлийн хяналтын газарт “Хандлаа” гэх үндэслэлээр бас л ажлаас нь халсан байна. Мөн багш Б.Бямбажавыг эмнэлэгт хүүхдээ сахин хэвтэж байх хугацаанд нь ажлаас нь чөлөөлжээ. Тиймээс эл асуудлыг шийдүүлэхийн тулд Г.Хандмаа, Б.Бямбажав нар шүүхэд хандсан байна.
Ямартай ч тус төвийн захирал Б.Бурмаа гэгч эмэгтэй албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байгаа нь дээрх хүний ярианаас тодорхой харагдана. Энэ мэт түүний хийсэн хууль бус халаа, сэлгээний шуурганд тус төвийн хуучин удирдлагууд болон нябо, жолооч, багш, селесарь зэрэг 30 гаруй хүн өртсөн байх юм. Өөрөөр хэлбэл түүнийг захирлаар томилогдож очихоос өмнө ажиллаж байсан дэд захирал Ц.Тунгалаг, Г.Ганхуяг, багш Г.Хандмаа, Ц.Оюунсүх, Ж.Дашцэрэн, Т.Наранцэцэг, Э.Золзаяа, Р.Бийраа, Д.Ганболд болон нябо Б.Алтанцэцэг, О.Энхтуяа, нярав Х.Цэцэгээ, Л.Гүнсэн, Д.Өнөрцэцэг, тогооч Ч.Болортогоо, Ундармаа, Г.Эрдэнчимэг, жолооч Б.Баясгалан, Н.Энхжаргал, хүний их эмч Г.Насанжаргал, жижүүр Р.Баттулга, Д.Рэгзэдмаа, Алтангэрэл нарыг ямар ч шалтгаангүйгээр, хууль зөрчиж ажлаас нь халжээ.
Ажлаас халагдсан гэх дээрх хүмүүс өөрсдийгөө чухам ямар үндэслэлээр, яагаад халагдсанаа Б.Бурмаагаас тодруулж байжээ. Гэтэл тэрбээр “Та нар тэр хууль хяналтынхандаа ханд. Хэн нь ялахаа үзье” гэсэн утгатай үг хэлж, элдвээр доромжилж, дарамталж байсан байна. Түүний ноёрхол хэрээс хэтэрч “Ажлаас халагдсан бүх хүмүүсийг энэ хаалгаар шагайлгах хэрэггүй” гэж хүртэл үүрэгдсэн байгаа юм. Аргагүйн эрхэнд ажлаас халагдсан багш нар бяцхан шавь нартайгаа уулзахын тулд хашааны наана цаанаас хэл ам авалцдаг болоод хэдэн сарын нүүр үзэж байгаа аж.
Гэтэл Б.Бурмаа ийнхүү багш, ажилчдыг ажлаас халаад зогсохгүй хууль бус олон үйлдэл хийжээ. Хууль бус үйлдлийнх нь нэг жишээг дурдахад тэрбээр УИХ-аас 2013 онд батлагдсан төсөвт цалинг олголгүй төвийнхээ нэрийг өөрчилсөн нэрийдлээр бүх ажилчдын цалинг 40-100 мянган төгрөгөөр бууруулсан байна. Ингэхдээ Засгийн газрын баталсан цалингийн сүлжээ, тогтоолыг хүчингүй болгож, хуулийг уландаа гишгэсэн төдийгүй үүнээс болж тус төвийн нийт багш, ажилчид өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 160-400 мянган төгрөгөөр хохироод байгаа юм байна.
Үргэлжлэл бий…