ЭМЯ, НЭМХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран жилийн өмнө батлагдсан “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг 21 аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, засаг даргын тамгийн газрын мэргэжилтэн, дарга нарт болон салбар бүрийн яамдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зохион байгууллаа.
Нээлтэд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэлсэн бөгөөд Хүн амын дунд хоол тэжээлээс хамаарал бүхий өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байгаагаас үзэхэд хоол тэжээлийн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын найрлага, аюулгүй байдалд илүү анхаарч, “Эрүүл хүнс” ойлголтыг хүн амд хүргэж, хэрэглээг нэмэгдүүлэх нь чухал байгааг хэлж байсан.
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 447 дугаар тогтоолоор Хоол тэжээлийн талаарх хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, хоол тэжээлээс хамааралтай өвчин, эмгэгийг бууруулах зорилго бүхий “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр батлагдсан.
Хөтөлбөр батлагдсанаас хойш нэг жил болж байхад аймаг, орон нутагт хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөл байгуулагдаагүй, аймаг, орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа хийгдээгүй, асуудал хариуцсан мэргэжилтний төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа нь хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй болохыг харуулж байгаа юм.