Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейн Ховд аймагт айлчлав

Уг айлчлалын бүрэлдэхүүнд Алтай аймгийн Засгийн ордны нарийн бичгийн дарга Махсур, Гадаад харилцааны газрын дарга Юүй Гуан Шин, Худалдааны газрын дарга Ерболат, Худалдааны газрын орлогч дарга н.Балжин, Алтай аймгийн Хава сумын Засаг дарга Ай Дин нарын албаны хүмүүс хүрэлцэн ирэв. Тэд өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн удирдлагуудтай уулзаж, Алтай аймаг Ховд аймгийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэхүү уулзалтанд Ховд аймгийг төлөөлж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх, Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Ба.Ганболд, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Бя.Ганболд, ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх, ХШҮДАХ-ийн дарга Д.Солонго, Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах нар оролцлоо.

Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга ноён Талгат Үсейнд хандан Алтай аймаг Ховд аймгийн хоорондын хамтын ажиллагааны талаар дурьдаад аялал жуулчлал, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн чиглэлээр хамтран ажилласаар ирсэнд талархал илэрхийлж, Ховд аймагт ажлын айлчлал хийж байгаа нь цаашдын хамтын ажиллагаанд үр дүнгээ өгсөн чухал үйл ажиллагаа гэдгийг онцолсон юм. Үүний дараагаар аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх Ховд аймгийн талаар товч мэдээлэл хийж, хамтран ажиллах санамж бичгийн төслийг танилцуулан, цаашид хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Уг санамж бичгийн төсөлд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засгийн ордны хооронд хамтран төсөл хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдыг харилцан туршлага судлуулах, Хоёр аймгийн сумдын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих, Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, Эрүүл мэднийн байгууллагуудын хооронд туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх, эмч солилцох, Сургууль цэцэрлэгийн чиглэлээр туршлага солилцох, Ховд их сургууль, Хөгжил политехник коллежийн гадаад хамтын ажиллагааг сайжруулахаар тусгасан байна. Мөн ААН-үүдийн харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, Бүс нутгийн байгаль орчин, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран сургалт, хурал зөвлөгөөн зохион байгуулах, Хилийн худалдааг хөнгөвчлөх, Такейшкен боомтод байрлах тээврийн хашаануудаас авдаг хураамжийг бууруулах, явган зорчигчдыг тээврийн хэрэгсэлээр нэвтэрдэг болгох зэрэг чухал асуудлуудыг хамтын ажиллагааны санамж бичгийн төсөлд тусгаж, Алтай аймгийн Засаг даргад уламжилав.
Харин Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейний хувьд дээрх асуудлыг шийдвэрлэхэд бодит арга хэмжээ авахыг илэрхийлээд Ховд аймагтай цаашид найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажиллахыг онцолов. Нэн ялангуяа Алтайн нурууг тойрсон аялал жуулчлалыг хөшжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд хил алсалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, Алтай аймгийн саналыг БНХАУ-ын ЗГ дэмжиж байгааг онцолов.
Үүнд Монгол улс, Ховд аймгийн оролцоо чухал гэдгийг дурьдлаа. Мөн Такейшкен боомт Булган боомтын хооронд ачаа тээврийн зам барихаар төлөвлөж байгаагаа хэлэв. Түүнчлэн боловсрол, соёл, худалдаа, аялал жуулчлал зэрэг бүх салбарт хамтран ажиллах боломжтой бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон бусад орон нутгийн удирдлагуудыг Алтай аймагт зочилохыг урив. Мөн ирэх 2017 оны 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Алтай аймагт болох ОУ-ын цас мөсний баярт Ховд аймгийн төлөөлөл, урлаг соёлынхон, баг тамирчдыг хүрэлцэн ирж оролцохыг санал болгов. Ийнхүү Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейний Ховд аймгийн удирдлагуудтай хийсэн албан ёсны уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтын төгсгөлд Ховд аймагт хүрэлцэн ирж, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейнийг аймгийн Хүндэт тэмдэгээр шагнав.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …