Баянгол дүүргийн прокурорын газраас “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа

1481100216_15397836_1383931715013041_1753334595_o

Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн төр захиргааны байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд оролцож, тус тусынхаа чиглэлээр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байлаа.

Дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнууд иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар болон иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийж, товхимол сурталчилгааны материал тарааж байлаа.

“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ зохион байгуулагдах тухай зарыг цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, хорооны хэсгийн ахлагч нараар дамжуулан, харьяа дүүргийн хороодын ард, иргэдэд хүргэсэн нь үр дүнтэй болж өдрийн 15 цагийн байдлаар арга хэмжээнд 510-д хүн хүрэлцэн ирж, 56 асуудлаар зөвлөгөө авч, амаар болон бичгээр 26 гомдол, мэдээллийг цагдаагийн болон прокурорийн газарт гаргаснийг, хүлээн авсан байна. Тус дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 13 төрлийн санамж, сэрэмжлүүлгийн материал бэлдэн арга хэмжээнд оролцсон иргэдэд тараан өгчээ.

“Гэмт хэрэг гэж юу вэ”, “Иргэний хэрэгт прокурор оролцох нь”,”Гэр бүлийн хүчирхийллийн мөн чанар” гэх зурган самбарууд бэлдэж, байршуулсан нь иргэдэд мэдээллийг энгийн ойлгомжтой арга хэлбэрээр хүргэх арга хэрэгсэл болсон байна.

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ АЖЛЫГ ГОЛ ЗОРИЛГОО БОЛГОЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОР Н.ЭНХТУЯА

Бид өнөөдрийн арга хэмжээгээр прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил, тод хүргэх ажлыг гол зорилгоо болголоо. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ихээр үйлдэгдэж, сүүлийн жилүүдэд өсөх хандлагтай байгаа гэмт хэргүүдийн талаар судалгаа хийсэн. Эдгээр судалгааны дүнд үндэслэн хулгай, дээрмийн хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, зөвлөмж, зөвлөгөө өгч байна. Бид өнөөдөр зөвлөмж зөвлөгөө өгөхөөс гадна тодорхой боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх чиглэлээр ч ажиллаж байна.
ӨНӨӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ДАМЖУУЛЖ ИРГЭДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ЭНГИЙН, ОЙЛГОМЖТОЙ ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭХЭЭР ЗУРАГТ ҮЗҮҮЛЭН, САМБАРЫГ БЭЛДСЭН

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ АЖИЛ

ХАРИУЦСАН ТУСЛАХ ПРОКУРОР Х.САРАН

Иргэний хэргийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2016 оны байдлаар иргэн болон нийтийн эрх ашиг, төрийн байгууллагын эрх ашиг нь хөндөгдсөн 20 нэхэмжлэлтэй иргэний шүүх хуралд зохигчийн төлөөлөгчөөр оролцлоо. Прокурор нийт 186.711.800 төгрөгний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцож, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг сэргээлгэхээр 31.000.000 төгрөгний нэхэмжлэлийг хангаж, 155.7118.000 төгрөгний нэхэмжлэл хэмнэгдэж, шийдвэрлэгдсэн байна.

Төрийн байгууллагын ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд прокурор төрийн нэрийн өмнөөс шүүхэд төлөөлөх талаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн харьяа төрийн захиргааны 50 байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Мөн Дүүргийн Татвар, Нийгмийн даатгалын хэлтсүүдтэй хамтарч ажиллан, НӨАТ төлөөгүй аж ахуйн нэгж, компаниуд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй 109 байгууллага ,аж ахуйн нэгжийн судалгааг гарган, тухайн байгууллагуудыг прокуроруудад хувиарлан өгч, яриа таниулга хийлгэлээ.

Өнөөдрийн энэ “нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд зориулан “Иргэн та иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх, үүрэгтэйгээр оролцох, иргэний маргаан, нэхэмжлэлийг аль шүүхэд хандан гаргах, хөөн хэлэлцэх хугацаа хэдийд дуусгавар болох, ямар хугацаанд шийдвэрлэх, өмч хөрөнгийн эдийн болон эдийн бус маргаан бүхий иргэний хэрэг нь эрүүгийн залилан мэхлэх гэмт хэргээс ялгаатай ба төсөөтэй талууд” гэх мэт ойлголтуудыг иргэдэд өгөх зорилгоор зурагт үзүүлэн болон гарын авлага материал бэлдсэн. Өдөрлөгт ирсэн иргэдийн хувьд ч энэ чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсэж, ирсэн нь харагдаж байна.

Бусдад мөнгөө алдчихлаа, энэ залилангийн хэрэг мөн үү, хэрхэн яаж шийдвэрлэдэг вэ, хөөн хэлэлцэх хугацаа гэж юу вэ, нэхэмжлэлийг яаж бичих вэ, улсын тэмдэгтийн хураамж хэрхэн төлөгдөх ёстой вэ, эд хөрөнгө эдийн бус баялагийн хохирлыг хэрхэн шийдвэрлэх вэ, иргэний хэрэг маргаан залилангийн хэргээс юугаараа төстэй юугаараа ялгаатай гэх мэт олон зүйлсийг асууж зөвлөгөө авч байна л даа. Ер нь зөвхөн өнөөдрийн арга хэмжээ ч гэлтгүй бусад үед ч ийм асуулт тавьж прокурорын байгууллагад хандах иргэд их байдаг учраас, өнөөдрийн арга хэмжээгээрээ дамжуулж, иргэдэд хуулийн үг хэллэгээр биш энгийн байдлаар илүү өргөн мэдээлэл өгөх зорилгоор үзүүлэн, самбарыг бэлтгэн ирсэн юм.

ЯЛАНГУЯА 2016 ОНЫ 11 САРЫН БАЙДЛААР ДЭЭРМИЙН ГЭМТ ХЭРЭГ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ ХАРИУЦСАН

ТУСЛАХ ПРОКУРОР Д.МӨНХ-ОЧИР

Баянгол дүүрэг нь 57981 өрхийн 216844 хүн амтай. Засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой. Дүүргийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 42 ерөнхий боловсролын сургууль, 72 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Манай дүүрэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 12000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн 60 орчим хувь үйл ажиллагаа явуулдаг.Баянгол дүүрэг нь хүн амын нягтаршил ихтэй, төвлөрсөн томоохон үйлчилгээний газрууд болох 3,4 хороолол, Хархорин, Барс зах, олон эмнэлгийн байгууллагууд байршдаг зэргээс шалтгаалаад гэмт хэргийн гаралт харьцангуй өндөр байдаг .Манай дүүргийн прокурорын газар 2016 оны эхний 11 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 14000 гаруй гомдол,мэдээлэлд хяналт тавьж ажилласан байна. Нийт 4221 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Түдгэлзээтэй хэргээс 1467 хэргийг сэргээн шалгуулж, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулсны үр дүнд 45 хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Мөн 1300-д хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсанаас хялбаршуулсан журмаар 400 хэргийг шийдвэрлээд байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 1,3 тербум төгрөгний хохирлыг нөхөн төлүүлж ажиллаа.

Гэмт хэргийн гаралтын хувьд танхай, залилан, дээрмийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг. Ялангуяа 2016 оны 11 сарын байдлаар дээрмийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна.
ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ГАРЧ БАЙГАА ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДЛАН, СУДАЛГААНЫ ДҮНД

ҮНДЭСЛЭН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ХАРИУЦСАН

ТУСЛАХ ПРОКУРОР Н.НЯМ-ОЧИР

Баянгол дүүргийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 онд нилээд ажил хийж гүйцэтгэлээ. Хэвлэл мэдэллийн хэрэгсэлээр нийт 43 мэдээлэл хийгдсэнээс 17 нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн байна. Бид дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн танхайн гэмт хэргийн судалгааг хийж, судалгааны дүнд үндэслэн, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулгуудыг хийж байна.

Мөн хяналтын прокурорууд нийт 21 удаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт хийсний гадна тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, судлах ажлуудыг зохион байгуулжээ.

Дүүргийн Иргэдийн хурлын дэргэдэх Захиргаа хуулийн хэлтэстэй хамтран харьяа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газруудаар улирал тутам зохион байгуулалттай шалгалт явуулж, нэг удаагийн шалгалтанд 50-60 аж ахуйн нэгжийг хамруулан, үйл ажиллагааг нь шалгалаа.

Мөн манай прокурорын газрын хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажиллагааны хүрээнд 2016 оны 09-р сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 11-р хороонд байрлах хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн зорилтот бүлгийн 30 гаруй хүүхдүүд хамрагддаг “Зулзага инээмсэглэл” цэцэрлэгт өөрсдийн хураасан хүнсний ногооны дээжийг хүлээлгэн өгсөн.

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙГАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХЭРХЭН ХАМТРАН АЖИЛЛАДАГ ТАЛААР ТОДРУУЛЛАА.

СУДАЛГАА ХИЙСНИЙ ҮНДСЭН ДЭЭР  ОСОЛ ИХЭЭР ГАРЧ БАЙГАА ЦЭГҮҮДИЙГ “ХАР ЦЭГ” ГЭЖ ТОГТООГООД

ТУХАЙН ГАЗАР ДЭЭР ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ АВЧ БАЙНА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН АХЛАХ ЗОХИЦУУЛАГЧ, ЦАГДААГИЙН АХМАД Б.ЛХАГВАДОРЖ

Баянгол дүүрэг нутаг, дэвсгэрийн онцлогийн хувьд хөдөлгөөний нягтрал ихтэй, ойрхон уулзвар гарцууд ихтэй, хүн ам ихээр төвлөрсөн, үйлдвэр үйлчилгээний байгууллага, худалдааны төвүүд олон учраас үүнийг дагаад иргэд тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний ачаалал авдаг. Манай тасаг нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн тушаалаар Замын цагдаагийн хэлтэс болж өргөжсөн байгаа. Алба хаагчдын хувьд ч тоо нэмэгдсэн учир бид дүүргийн нутаг дэвсгэрийг хяналтандаа бүрэн авч чадаж байгаа гэж үзэж байна.

Дүүргийн хувьд зам тээврийн гэмт хэргийн осол 2016 онд өмнөх үеийнхээс буурсан үзүүлэлттэй гарсан нь урьдчилан сэргийлэх ажил нилээдгүй хийгдсэнтэй холбоотой юм.

Тухайлбал: Улаанбаатар нэгтгэл, Авто замын газар гэх мэт газруудтай холбоотой ажиллаж, замын голоор хайс, хашлагыг тавиулсанаар дундуур нь явган зөрчигчид гүйж хөдөлгөөнд саад учруулах нь эрс багассан. Дүүргийн нутаг, дэвсгэрийг 4 бүсэд хувааж, хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна. Энэ нь осол гарсан үед замын цагдаагийн албан хаагч нар ослын газарт шуурхай очиж, хойшлуулшгүй ажиллагаа хийж, замын хөдөлгөөнийг хэвийн байдалд нь оруулхад тустай. Мөн бид техник технологийн дэвшлийг ашиглаж замын хөдөлгөөний удирдлагын төвд теле камерийн хяналтыг давхар явуулж, илэрсэн зөрчлийн дагуу гэрийн хаягаар нь торгуулийн хуудсыг явуулах зэргээр ажиллаж байна. Судалгаа хийсний үндсэн дээр зам тээврийн осол ихээр гарч байгаа цэгүүдийг “хар цэг” гэж тогтоогоод, тухайн газар дээр осолоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байна. “Нарны хороолол”-ын урд шинэ гүүрэн уулзвар дээр 2015 оны байдлаар бараг өдөр бүр зам тээврийн осол гарч байсан бол энэ асуудлыг дүүргийн прокурорын газартай хамтран хийсэн судалгаагаар “хар цэг” гэж тогтоосны үр дүнд хурд сааруулагч тависан нь осол гарах нөхцлийг эрс багассан байгаа. Мөн “Алтай хотхон”-оос гардаг уулзвар дээр ч гэсэн байнга осол гардаг байсан тул замыг өргөсгөх, хурд авах хэмжээ нэмэх, гарцын тэмдэг, явган хүний зам, автобусны буудал бий болгох арга хэмжээнүүд авсан нь мэдэгдэхүйц үр дүнд хүрч байна.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙГАА БАЙНГА ХАМТРАН АЖИЛЛАДАГ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТСИЙН ХЭВ ЖУРМЫН АХЛАХ БАЙЦААГЧ

ЦАГДААГИЙН ХОШУУЧ И.БАЯНЖАРГАЛ

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон бусад олон чиглэлээр прокурорын байгууллагатай байнга хамтран ажилладаг.Тухайлбал саяхан бид дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан “нийтийн эргүүл” арга хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийг олон нийтийн цагдаагийн байгууллагын ажилтантай хамтран гудамж талбай, олон нийтийн газар эргүүл хийх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГТ ПРОКУРОРЫГ ОРОЛЦУУЛАХ ТАЛААР ХЭД ХЭДЭН ХҮСЭЛТ ГАРГАЖ, ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ЭРХ

ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ГЭРЭЛМАА

 Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс нь дүүргийнхээ прокурорын газартай хамтарч ажилладаг. Ялангуяа улсын байцаагчаас тавьж байгаа торгууль шийдвэрийн хууль зүйн үндtслэлийг хянуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч ажиллаж байна.Энэ жил Улсын байцаагчаас гаргасан шийдвэр, торгуулийн арга хэмжээг хянаад илэрсэн зөрчлийг арилгуулхаар бичсэн прокурорын шаардлагын дагуу байцаагч нарт сургалт зохион байгуулж ажилласан. Сүүлийн үед иргэний хэрэг дээр прокурорыг оролцуулах тал дээр хэд хэдэн хүсэлтүүд гаргаж энэ талаар хамтарч ажиллаж байна.

ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ХҮСЭЛТЭЭР ПРОКУРОР МАНАЙ НЭХЭМЖЛЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ

ХУРАЛДААНД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ТАТВАРЫН УЛСЫН

БАЙЦААГЧ Д.ОТГОНЦЭЦЭГ

Баянгол дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээнд дүүргийн татварын хэлтэс оролцож, иргэдэд хууль эрх зүй болоод бусад чиглэлээр мэдээлэл өгч байна. Дүүргийн татварын хэлтсийн хүсэлтээр прокурор манай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн оролцож байна. Мөн Баянгол дүүргийн татварын хэлтсээс явуулж байгаа захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд прокурорын байгууллагаас тасралтгүй хяналт тавин ажилладаг.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, АЖИЛД ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ,ХАЛАМЖИЙН 69 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА

ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН АЖИЛТАН О.СУВДАА

Баянгол дүүргийн прокурорын газраас зохион байгуулагдаж байгаа өдөрлөгийн арга хамжээнд хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр, ажилд зуучлах үйлчилгээ, халамжийн 69 төрлийн үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өгч оролцож байна.Манай хэлтсийн хувьд дүүргийн прокурорын газартай байнга хамтарч ажиллаж, ажил олоход хүндрэлтэй байгаа иргэдээ ажилд зуучлах, тэдэнд зайлшгүй хэрэгтэй байгаа зөвлөгөө мэдээлэл өгөх, талаар хамтарч ажилладаг.

АЛИВАА ГЭМТ ХЭРГИЙГ ГАРСАН ХОЙНО НЬ ӨМГӨӨЛӨГЧӨӨС ЗӨВЛӨГӨӨ АВАХ БИШ ГАРАХААС НЬ ӨМНӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДСАН ТОХИОЛДОЛД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БАГАСАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

 МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ӨМГӨӨЛӨГЧ Ч.БОЛДБААТАР
Өнөөдөр Баянгол дүүргийн прокурорын газар дээр ажлаар ирээд, тус прокурорын газраас санаачлан зохион байгуулж байгаа “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн арга хэмжээнд оролцож байна. Энэхүү арга хэмжээнд иргэд талархалтай хандаж байгаа нь мэдэгдэж байна. Улаанбаатар хот хүн ам шигүү суурьшиж, үүнийг дагаад олон янзын гэмт хэрэг гарах болсон. Прокурорын байгууллагын хувьд үндсэн хяналтаас гадна гол чиг үүрэг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэж үзэж байна. Энэ үүрэг, чиглэлийнхээ дагуу өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа нь зөв юмаа. Хуульч хүний хувьд хэлхэд аливаа гэмт хэргийг гарсан хойно нь өмгөөлөгчөөс нь зөвлөгөө авах биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж чадсан тохиолдолд гэмт хэргийн гаралт багасгах ач холбогдолтой байдаг. Мөн прокурорын байгууллага болон бусад төрийн байгууллагууд иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд түргэн шуурхай хуулийн хугацаанд нь хариу өгч байхад анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэлэхийг хүсэж байна.

ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЖ ӨГСӨН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 21-Р ХОРООНЫ ИРГЭН н.ЭРДЭНЭБИЛЭГ

Дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулж байгаа “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд оролцон хэрэгтэй мэдээллүүдийг авч байна. Энд зөвхөн хууль хяналтын байгууллагаас гадна төрийн үйлчилгээний бусад байгууллагууд оролцож байгаа нь иргэд бидэнд их хэрэгтэй ажил боллоо үзэж байна. Прокурорын байгууллагын албан хаагчдаас биечлэн зөвлөгөө авахаас гадна, бэлтгэсэн гарын авлага, материалуудаас харахад хэрэгтэй зүйлс их байна. Иргэд бид хууль зүйн чиглэлээр мэдлэг маш хомс байдаг шүү дээ. Тиймээс бидэнд эрх зүйн мэдээлэл чөлөөтэй  авах боломж бүрдүүлж өгсөн прокурорын газрын хамт олондоо талархаж байна.

 

prokuror.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …