“Хүүхдийн тусламжийн 108 утас” хариу үйлчилгээ үзүүлдэг цогц төв болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Хүүхдийн тусламжийн 108 утас”, Мобиком корпорацийн удирдлагууд ажлын уулзалт хийж, хүүхэд хамгааллын асуудлаар цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.

Уулзалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж, тус газрын Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн, ГБХЗХГ-ын Хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа, “Хүүхдийн тусламжийн 108 утас”-ны зохицуулагч М.Энхболд, Мобиком корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын дарга С.Дорждэрэм нар оролцлоо.

Энэ үеэр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх ”Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгох нэн шаардлагатай. Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг шинэ Засгийн газар бодлогоор дэмжиж 2016 оны 8 дугаар сарын 24-ний хуралдаанаараа төрийн үйлчилгээний төвийн статустай болгосон. Цаашид хүүхэд хамгааллын асуудлаар хариу үйлчилгээ үзүүлдэг буюу бүрэн үйлчилгээний цогц төв болгохоор ажиллаж байна. Мөн Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандсан үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгдөг сэтгэл зүйчид төрийн үйлчилгээний албан хаагчид болсон. Түүнчлэн үйлчилгээ үзүүлж буй операторуудыг сургах төдийгүй тэдний аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллана. Цаашид талууд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудалд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хүүхдийн асуудал бол хүн бүрийн асуудал юм” гэдгийг тодотгосон юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж: ”Хүүхдийн тусламжийн утсыг хөгжүүлэх төсөл үргэлжилж байна. Уг төслийг дэмжиж байгаа төдийгүй цаашид олон талаар хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байна. Мөн цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж, хамтарч ажиллая. Хүүхдийн төлөө бодитой төсөл хамтарч хэрэгжүүлье” хэмээн саналаа хуваалцлаа.

Мобиком корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын дарга С.Дорждэрэм: ”Манай байгууллагын зүгээс Хүүхдийн тусламжийн утсыг хөгжүүлэх төслийн хүрээнд программ хангамжийн 3 дугаар шатлалыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Удахгүй хүүхдүүд интернэтээр дуудлага өгөх боломж бүрдэнэ. Ер нь Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ олон улсад үнэлэгдсэн. Тиймээс цаашид гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж хүүхэд хамгааллын асуудлыг илүү үр дүнтэй бодитой болгох шаардлагатай” гэсэн бол “Хүүхдийн тусламжийн 108 утас”-ны зохицуулагч М.Энхболд” “Хүүхдийн тусламжийн 108 утас”-нд 2016 онд нийт 185 мянган хандалт ирж, 125 мянган дуудлага бүртгэгджээ. Үүнээс хамгааллын үйлчилгээ шаардлагатай дуудлага 2 хувийг эзэлж байгаа бол хүүхдийн эрхийн зөрчлийн тухай дуудлага 0.7 хувийг хүлээн авч, хариу үйлчилгээ үзүүллээ. 108 утсанд хандаж байгаа хүүхдүүдийн 97-98 хувь нь гар утаснаасаа холбогддог. Тиймээс гар утасны аплакейшинтэй болох хэрэгтэй. Мөн хүүхэд хамгааллын асуудлаар гэр бүл, залуу эцэг эхчүүдэд зориулсан цахим сургалтыг зохион байгуулах нь зүйтэй” хэмээлээ.

Дашрамд дурдахад тус уулзалтын үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооноос Хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарын гэрчилгээг 2018 он дуустал сунгаснаа гардуулан өглөө. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүүхдийн тусламжийн утсыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж буй Мобиком корпорацийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Сайн үйлс” медалиар шагналаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …