Төрийн нарийн бичгийн дарга хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНСУ-д оршин суугаа болон зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгарч буй асуудлуудыг шйидвэрлэхэд хоёр талын консулын зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд өнгөрсөн хоёр жилд тасалдаад байсан энэхүү уулзалтыг 2017 оны эхний хагаст зохион байгуулахаар зарчмын хувьд харилцан тохиролцлоо.
Консулын харилцааг өргөжүүлж, хилийн чанадад буй иргэдээ хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтын үеэр тэмдэглээд монголын талаас тавьсан эдгээр саналуудаа ажил хэрэг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэв.
Энэ онд БНСУ-д ажлын айлчлал хийсэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, хүмүүнлэгийн шугамаар зорчих болон оюутан, бизнес эрхлэгчдэд виз олгох нөхцлийг хөнгөвчлөх санал тавьсныг хэрэгжүүлэхээр Гадаад харилцааны яам ийнхүү ажиллаж байна. Татвар төлөгч компаниудад олон удаагийн виз олгох нь төрөөс тэдний гадаад харилцаа, үйл ажиллагааг дэмжсэн ач холбогдолтой гэж үзэж байна.