Ялын дээд хэмжээ авсан хүн С.Зоригийн хэргээр өшөө авах уу

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэг Монгол Улсын эрх баригчид болон тэдгээрийн нөлөөнд автсан шүүх засаглалын ялзралыг харуулсан сонгодог жишээ билээ. 80 хувь нь илэрсэн ийм хэргийг бусдаас хараат бус захын нэг мөрдөн байцаагч илрүүлчих хэмжээний тийм амархан хэрэг билээ. Гэвч “нууцын зэрэглэл” нэрийн дор 18 жил хав дарж, эцэстээ ялын дээд хэмжээ авсан хүнд тохоод өнгөрч байх шиг байна.

Ингэж хэлэхийн учир, таксины жолоочийг онц хэрцгийгээр хөнөөж ялын дээд хэмжээ авсан Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр түүний салсан эхнэр Т.Чимгээ болон хөрш айлын залуу Б.Содномдаржаа нарыг шүүж байна. Мөн С.Зориг агсныг захиалсан хүн нь талийгаач Ш.Отгонбилэгийг болгохын тулд түүний малчин, тогоочоор ажиллаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг татаж байх шиг. Ц.Амгаланбаатарын хувьд хүн амины онц хүнд гэмт хэрэг хийгээд ялын дээд хэмжээ сонссон бөгөөд Ерөнхийлөгчийн тушаалаар цаазын ялгүй улс болсон учир чанга дэглэмтэд 25 жил суух болсон юм.

Тэгвэл Ц.Амгаланбаатарыг шоронд орсны дараагаар гэр бүл нь салж, улмаар түүнийг эхнэр Т.Чимгээдээ өш санасан, цаашлаад хөрш айлын залуу Б.Содномдаржаад ч хор хүргэх төлөвлөгөөтэй байсныг тэдний гэр бүлийнхэн хэлж буй. Учир нь Ц.Амгаланбаатараас тэднийг заналхийлсэн, сүрдүүлсэн мессежүүд удаа дараа илгээж байжээ. Хамгийн хачирхалтай нь, С.Зориг алагдсан 1998 онд Ц.Амгаланбаатар 17 настай, Б.Содномдаржаа 22 настай байжээ. Нөгөө талаас ийм насны залуучуудыг хэн нэгний захиалгаар улстөрийн том зүтгэлтэн хүнийг гэгээн цагаан өдрөөр гэрт нь очиж хөнөөсөн гэхэд итгэх хүн тун ховор байдаг.

Түүнчлэн урьдаас сайтар төлөвлөж, гэрийнх нь гадаа хэд хоног эргүүлдэж, тагнасан нь тогтоогдсон С.Зоригийн хэргийг үйлдсэн гээд буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг Улаанбаатарт очих нь битгий хэл Эрдэнэтээс гарч үзээгүй байсан гэдгийг гэрчүүд мэдүүлж буй. Тийм байтал С.Зоригийг хөнөөчихөөд гэрээс нь гараад зугтсан хоёр гэмт этгээдийн нэгийг нь таньж, улмаар нэрээр нь дуудсан тухай баримт байдаг. Мөн хоёр гэмт этгээдийн нэгийг таньж, нэрээр нь дуудсан тэр нэгэн гэмгүй залуу учир битүүлгээр бусдын гарт хороогдсон байдаг. С.Зоригийн хэргийг өөр дээрээ үүрсэн гэх Ц.Амгаланбаатар 1998 оны энэ хэргээс бараг 10-аад жилийн дараа буюу 2007 онд төрөлх Эрдэнэт хотдоо таксины жолоочийг хөнөөсөн байдаг.

Түүний хувьд Монгол Улсад байж болох хамгийн хүнд шийтгэл буюу чанга дэглэмтэд 25 жил суух ял авсан. Үүн дээр С.Зоригийн хэргийг үүрсэн ч ял нь нэмэгдэхгүй. Тиймээс хэн нэгний томоохон хэргийг үүрээд шоронгийн нөхцөл байдлаа сайжруулах, тэр хэрэгтээ өш санасан хүмүүсээ чирч байж болзошгүй хэмээн учир мэдэх хүмүүс хардаж байна. Тэдний ярьснаар чанга дэглэмтэд 25 жилийн ял авснаас цаазаар авахуулсан нь дээр байдаг гэнэ. “Амьдын там” гэх энэ шийтгэл буюу гав ганцаархнаа нэг умгар өрөөнд 25 жил хоригдох шийтгэлээс амьд эргэж ирдэг хүн гэж бараг байдаггүй аж.

Тэгэхээр С.Зоригийн хэргийг 17, 22 настай хоёр “хүүхдэд” үүрүүлээд, анхнаасаа захиалагчтай улстөрийн аллага гэдэг нь тодорхой байсан С.Зоригийн хэргийн цаад эзнийг талийгаач Ш.Отгонбилэгийг болгох гэсэн нууц хуйвалдаан ч байж болзошгүй юм. Мэдээж энэ хэрэг ингээд дуусахгүй. Шүүх хурал болж Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ял шийтгэл аваад явсан ч энэ хэрэг мөнхөд шалгагдах болно.

Харин тэр үед тэд хэлмэгдсэн, олон сар хоригдож зовсны эцэст хилс хэрэг хүлээсэн байвал өнөөгийн шүүх засаглалийн удирдлагууд хийгээд төрийн гурван өндөрлөгөөс өгсүүлээд бүгд хуулийн маш хатуу хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулах юун. Магадгүй энэ хэрэг үнэн мөнөөр илэрч байж л дараа дараагийн том хэргүүд илрэх биз. Ш.Отгонбилэг, О.Дашбалбар, Ж.Наранцацралт, М.Зэнээ, Л.Энэбиш, Б.Дангаасүрэн гээд улстөрийн захиалгатай учир битүүлэг хэргүүд цөөнгүй. Үүний хамгийн эхнийхийг нь С.Зоригийн хэрэг гэдэг. С.Зоригийн хэргийг ил болгоогүй учраас л эдгээр хэргүүд үйлдэгдсэн. Эцэст нь, нэгнээр нь нэгийг нь захиалсан болгуулж байх шиг. Энэ янзаараа тун удахгүй Ш.Отгонбилэгийн хэрэг илрэх дөхөхөд түүнийг бас хэн нэгэн талийгаач захиалсан болох бололтой.

Төгс

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …