Элэгний С вирусийн эмийн үнийг хөнгөлж, ханиад томууны дэгдэлтийн үед 0-5 насны хүүхдэд эм, эмчилгээний үнийг чөлөөлнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Анх удаа Төрийн ордонд, сэтгүүлч, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж буй нь хуралдааны онцлог гэж НДҮЗ-ийн дарга, УИХ-ны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэллээ. Нийт найман асуудал хэлэлцсэний дотор олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй гурван асуудлыг тодотгож болох юм.

Манай улсад 400 орчим мянган иргэн элэгний С вирусын халдвартай, өчвлөлтэй гэсэн тоо бий. Энэхүү өвчин нь хорт хавдар, нас баралтын голлох шалтгаан болж байгаа тул иргэдэд төрөөс анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх нь гарцаагүй юм. Гагцхүү хэрхэн дэмжих тухай асуудал нь тодорхойгүй байсаар өдий хүрсэн ч НДҮЗ-ийн энэ удаагийн хурлаар шийдэгдлээ. Засгийн газрын хуралдаанаас элэгний С вирусыг устгадаг таван төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд 210 мянган төгрөгөөр хөнгөлөлт үзүүлэх, санхүүжилтийг Нийгмийн даатгалын сангаас гаргах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Харин дээрх шийдвэрийг НДҮЗ-ийн хурлын тогтоолоор албажуулж, хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлж буй юм. 340-720 мянган төгрөгийн үнэтэй, өөр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч үйлчилгээ нь ижилхэн таван төрлийн эмийн нэг хайрцагт 210 мянган төгрөгөөр тооцож хөнгөлөлт олгоно.

Ханиад томууны дэгдэлтийн үед 0-5 насны хүүхдэд эм, эмчилгээний үнийг чөлөөлнө

Өвлийн хүйтрэл эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томууны дэгдэлт идэвхжиж хүүхдийн болон өрхийн эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд эм болон эмчилгээний төлбөрт багагүй мөнгө зарцуулж байгаа нь өрхийн төсөвт хүндрэл учруулж байгаа. Тиймээс Нийгмийн даатгалын сангаас зарим төрлийн ханиад томууны эм, эмнэлгээр үйлчлүүлсэн эмчилгээний зардлыг санхүүжүүлэхээр нийт 1.5 тэрбум төгрөг зарцуулахыг НДҮЗ-ийн хуралдаанаар зарчмын хувьд дэмжлээ. Эмийн үнийн хөнгөлөлтөд 500 орчим сая төгрөг, хэвтэн эмчлүүлэх зардалд тэрбум орчим төгрөг зарцуулна. Тодруулбал, ханиад томууны эсрэг үйлчилгээтэй 10 гаруй нэр төрлийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөх, 0-5 настай хүүхэд ханиад томуугийн улмаас хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд төлбөргүй болгох хэрэгтэй гэж үзсэн. Үүнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамтай гэрээтэй хувийн эмнэлгүүд ч хамаарах юм байна. Гэхдээ дээрх ажлыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох яам, агентлаг шуурхай ажиллаж эмний нэрс болон үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн нэрийг тодотгох шаардлага буй аж. Юутай ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны тогтоолоор дээрх ажлыг тун удахгүй хэрэгжүүлэхээр болжээ.

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны тайлан сонсож, дүнг хэлэлцлээ

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл ямар байгаа, нөхцөл байдлын талаар Н.Номтойбаяр сайд урьд нь мэдээлэл хийж байсан билээ. Тус сангийн 557 тэрбум төгрөг есөн хувийн хүүтэй байршиж байгаа. Гэтэл Монголбанкнаас тогтоосон бодлогын хүү нь 15 хувь байгаа нь ихээхэн мөнгөний орлогын боломжоо алдаж буй хэрэг гэж салбарын сайд хэллээ. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүнээс 6 хувь доогуур байгаа нь 557 тэрбум төгрөгийн орлогодвол зохих хүүнээс 30 орчим тэрбумыг алдаж байна гэсэн юм. Энэ асуудлыг НДҮЗ хэлэлцээд харилцах хэлбэрээр байршиж байгаа 80 орчим тэрбум төгрөгтэй хадгаламж хэлбэрээр байршиж буй 557 тэрбум төгрөгтэй нийлүүлээд банкуудад дахин байршуулахдаа хэд хэдэн шаардлага тавих гэнэ. Нэгдүгээрт, Монголбанкны бодлогын хүүнээс доошгүй буюу 15-аас багагүй хүүтэй. Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор тэтгэвэр тавьж байгаа, тэтгэврийн зээл олгож байгаа банкуудтай харилцан тохиролцох замаар буюу маржинаа тохирох нөхцөлөөр байршуулах санал тавьсан. Үүний мөрөөр Төрийн банк, ХААН банкнаас саналаа ирүүлээд байгаа аж. Цаашид бусад банкууд ирүүлж, дээрх ажил хэрэгжсэнээр тэтгэврийн зээлийн хүү буурна гэж ХНХЯ үзэж байна.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …