“Шинэ жилээр манай хүүхдийн ангийнхан 85 мянган төгрөгөөр нийлнэ” гэж нэгэн ээж ярилаа. Зарим сургуулийн сурагчид шинэ жилээр томчуудаас дутахгүй цэнгэх бололтой. Эдийн засгийн хямрал, бүсээ чангалах ч юу боллоо. Монголчуудын нэрэлхүү зан элдэв баяраар өвчин болтлоо дэвэрдэг. Богд хаант засгийн үед цагаан сар тэмдэглэх гэж гэрээ зараад, баярын дараа орох оронгүй болсон нэгэн гэр бүлийн тухай сонинд бичсэн гэдэг. Баярын дараа гүнзгий хямрахаар үйл явдлууд одоо ч их өрнөх юм аа.
Энэ мэтийн муу жишиг хүүхдүүдэд олон таагүй зуршил өвлүүлж байна даа. Шинэ жилийн дурсамж гэхээр бидний үеийнхэн ногоон гацуур, өвлийн өвгөний бэлэг, багт наадмын тухай ярьдаг. Гэтэл хүүхдүүд маань одооноос “нийлж” байна.
Шинэ жил гэдэг гэр бүлийн баяр. Халуун ам бүлээрээ ширээ тойрч суух дотно дулаан мэдрэмжийг авдаг үе. Гэтэл социализмын үеийн хамт олонч уур амьсгал шинэ жилийн баярт ул мөрөө үлдээжээ. Манайхан шиг шинэ жилээр хамт олноороо ууж идэж, наргиж явдаг улс байдаг болов уу. Баяраар их мөнгө зарж, цэнгэдэг, хөлчүүрхдэг муу зуршил хойч үед өвлөгдөхгүй бол зүгээрсэн.
Харин тэгэхээс тэгэх гэсэн юм шиг сурагчидтай холбоотой бүх л баярыг мөнгөөр “зодож” тэмдэглэх боллоо. Шинэ үсэг нүдэлсэн багачууд “Эрдмийн баяр” хийж, дуулж бүжиглэж, сурсан мэдсэнээ найз нөхөд, ээж аавдаа тайлагнаад баярладаг байв.
Гэтэл одоо бага ангийнхан хүртэл хонхны баяр тэмдэглэдэг болоод байгаа. Олонхи нь лонхны баяр тэмдэглэдэг болчихгүй байгаа.
эх сурвалж: dnn.com