Монгол Улсын шүүхийн захиргааны байгууллага 2016 оны ажлын ололт амжилтаа дүгнэж, ирэх оны бодлого зорилтоо тодорхойллоо. Шүүхийн тамгын газруудын 2016 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, болон газар, хэлтсийн дарга нар, нийт шүүхийн тамгын газрын дарга нар оролцсон юм.
“Шүүхийн тамгын газрын ажлыг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу 2016 оны ажлын үр дүнгээр 17 шүүхийн Тамгын газар “Бүрэн хангалттай”, 21 тамгын газар “Хангалттай сайн”, нэг тамгын газар “Хангалттай” гэсэн үнэлгээ авчээ. Мөн шүүхийн тамгын газрын дарга нарын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, мэргэшлийн түвшний үнэлгээгээр 17 шүүхийн тамгын газрын дарга А буюу “Маш сайн”, 21 тамгын газрын дарга В буюу “сайн”, нэг тамгын газрын дарга C буюу “хангалттай” дүн авлаа.
Шүүхийн тамгын газруудаас энэ онд хийж гүйцэтгэсэн ажлаараа Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар тэргүүллээ. Удаах байрт Дархан-Уул аймаг дахь давж заалдах шүүхийн тамгын газар, гуравдугаар байрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар шалгарсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ажлаараа эхний гурван байрт шалгарсан Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Батсайхан нарт өргөмжлөл гардуулж, ажлын амжилт хүссэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Н.Лүндэндорж энэ оны ажлаа үнэлүүлсэн төсвийн шууд захирагч, шүүхийн тамгын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхийн тамгын газрын дарга нарт энэ онд хийсэн амжилтаа ирэх жил улам бүр бататгаж, олон зүйлийг санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийг гүнзийрүүлэхийг хүсэн ерөөлөө.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс