“Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурлын нээлт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр өглөө болов.Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгууллаа.
Уг хуралд Монгол Улс, Индонез, Киргизстан, Узбекистан, Непал, Лаос, Камбож, Мьянмар зэрэг орны төлөөлөгчид оролцож байгаа юм.
Бага хуралд зарим аймаг, сум, дүүргийн төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлж, орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил, туршлагаасаа хуваалцана.Уг хурлыг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулж байна.
Олон улсын бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нээж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ:
“Эрхэмсэг хатагтай ноёд оо,
Эрхэм хүндэт зочид оо,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран зохион байгуулж буй “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.
Монгол Улс Үндсэн хуулиндаа эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон байдаг. Анхдугаар ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнол; хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө эргэлт буцалтгүй зүтгэж олон арван үнэт зүйлийг бий болгосон. Тухайлбал: Монгол Улс- улс төрийн тусгаар тогтнолоо бодитоор зарлан тунхаглаж, Монголын ард түмэн улс орныхоо бүрэн эрхт эзэн болсон.
Монгол Улс дэлхийд нээлттэй орон болж, нэг намын тогтолцоог халж, олон намын тогтолцоонд шилжиж, монгол хүний эрх, эрх чөлөө Үндсэн хуулиар баталгаажлаа. Эдийн засгийн хувьд зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж, хувийн өмч хүний амьдралын үндэс, хувийн хэвшил нийгмийн хөгжлийн үндэс болж хувирлаа. Монгол хүн шашин шүтэх, сурч боловсрох, ажиллаж амьдрах, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээр хангагдлаа. Энэ бол олон хүний хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлийн үр дүн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө цөмд төрийн шийдвэр гаргахад иргэний оролцоог нэмэгдүүлж байх тухай зорилт тусган ажилласаар ирсэн. Тухайлбал, Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүний ажиллаж байсан энэхүү өрөөг Иргэнээ сонсдог, хуулийн хэлэлцүүлэг өрнүүлдэг “Иргэний танхим” болгон өөрчилж, иргэний оролцооны бодлогыг манлайлан ажиллаж байна. Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аас үлгэр авч, аймаг нийслэл, сум дүүрэг, зарим хувийн хэвшлийн байгууллагууд Иргэний танхим байгуулан ажиллаж байна.
Хүний эрх, эрх чөөлөөг дээдэлсэн Хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи 25 жилийн хугацаанд бидэнд олсон амжилт олон хэдий ч төсвийн төвлөрлийг сааруулж орон нутагт эдийн засгийн эрх мэдэл олгох; төсвийн зарцуулалтыг ил тод мэдээлж түүнд иргэд олон нийт хяналт тавих эрхийг олгох, улмаар төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах асуудал хойшлуулшгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцгойлон анхаарч холбогдох хуулийг санаачлан УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.
Төвлөрлийг сааруулах бодлого нь Үндсэн хуульд заасан нийгмийг бэхжүүлэх нэгэн суурь болно гэж үзэж байна. Улсын Их Хурлын “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” 2016 оны 19 дүгээр тогтоолд “Төвлөрлийг сааруулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог хангах нь тогтвортой хөгжлийн засаглалын үндсэн зарчим болохыг тодорхойлсон. Тогтвортой хөгжлийн үзэл баримлалын тэргүүлэх чиглэлийг үндэслэсэн хариуцлагатай, ил тод, сайн засаглалыг дэмжин хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор батлаад байна. 2013 онд Монгол Улсын Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад төсвийн төвлөрлийг сааруулахад нэгэн чухал үзэл баримтлалын шинжтэй өөрчлөлт оруулсан нь орон нутагт эрх мэдлийг бодитой олгох, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалт оруулсан явдал юм.
Ийнхүү төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхдээ иргэдийн оролцоотой шийдвэр гаргах боломжийг нээж, орон нутаг бүр хөгжлийн сантай байх, түүний эх үүсвэрийг тодорхой тусгаснаас гадна уг сангийн төсвийг зарцуулахад эхлээд заавал иргэдээсээ санал авахаар зохицуулсан юм.
Монгол Улсад нийт 105 хуулинд иргэний оролцооны талаар тодорхой хэмжээгээр зохицуулалт орсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу төрийн удирдлагыг хэрэгжүүлэх дээд байгууллага төдийгүй нутгийн удирдлагын байгууллагын түвшинд шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах, саналыг нь сонсох, мэдээллийг иргэдэд хүргэх; төр, иргэний харилцааны эргэх холбоог бэхжүүлэх чиглэлээр санаачилгууд сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 онд батлагдсан Шилэн дансны тухай хууль, 2015 онд батлагдсан Хууль тогтоомжийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд тодорхой зохицуулалтыг оруулаад байна.
Өнгөрсөн хугацааны ололт, ахицтай алхамд тулгуурлан цаашид дутагдалтай талыг сайжруулах шаардлага байгаа нь зүй ёсны хөгжлийн явц билээ. Өнөөдрийн олон улсын хурал ч энэ талаар хэлэлцэж, олон чухал санал санаачилга, дүгнэлт гаргана гэдэгт итгэж байна.
Хурлын ажилд амжилт хүсье” гэлээ.
Олон улсын бага хурал үргэлжилж байна.