Ц.Элбэгдорж Монгол Улсад Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсад Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр “Корпорейт Конвейшн” төвд боллоо. Тус хуралд оролцогсдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонордуулав.

Тус мэндчилгээнд “Монголын спортыг дэлхийд төлөөлдөг итгэмжит элч, Олон улсын олимпийн хөдөлгөөний үзэл санааг эх орондоо түгээн дэлгэрүүлэгч Монголын Үндэсний Олимпийн хорооны 60 жилийн ойг тохиолдуулан спортын гарамгай зүтгэлтэн, тамирчин, дасгалжуулагчид, спортоор овоглосон хүн бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

1956 онд тулгаа тулж, галаа бадраасан энэ байгууллага өнгөрсөн 60 жилийн хугацаанд Олон Улсын Олимпийн хорооны бүрэн эрхт гишүүн нь болж, “Олимпийн Харти”-ийг үйл ажиллагааныхаа хэлбэрэлтгүй удирдлага болгосноор дэлхийн спортын хамтын нийгэмлэгт Монгол Улс алхаа зорилгоо бүрнээ нэгтгэж, Монголын спорт, монгол хүний оюун ухаан, бяр хүч, хурд самбааг дэлхийд таниулсан түүхэн үнэ цэнийг бүтээсэн юм. Тавь гаруйхан жилийн тэртээ 1964 онд анхны олимпдоо оролцож байсан монгол тамирчид өдгөө 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалийн эзэн болоод байна. Дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн медалийн тоо арваар биш, хэдэн зуугаар яригдана. Энэ бол монгол түмний омогшил бөгөөд энэ гайхам түүхийг бүтээлцсэн гэдгээрээ Монголын Үндэсний Олимпийн хороо бахархах эрхтэй.

Монгол Улсын үе үеийн төр, засаг улс орондоо Олимпизмийн үзэл санааг дэмжин дэлгэрүүлэх, их спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр байнга анхаарал тавьсаар ирсэн бөгөөд энэ салбарын эрхзүйн орчин улам боловсронгуй болж, шинэчлэгдсээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн удаа дараагийн шийдвэр, Засгийн газарт өгсөн чиглэлүүд нь олимпизмийг хөгжүүлэх, спортын байгууллагуудыг бэхжүүлэх, өсвөр хойч үеэ эрүүл чийрэг бие бялдартай болгож төлөвшүүлэх, тамирчин, дасгалжуулагчдын хөдөлмөрийг зөв, шударгаар үнэлэх зэрэг олон талт асуудлыг хамарсан юм.

Энэхүү баярын өдрийг тохиолдуулан алтан соёмбот төрийнхөө далбаан дор аугаа дээдсийнхээ нэр сүрийг дархалж, монгол орон, монгол хүний гайхамшигт чадавхийг нотлон харуулсаар байгаа Та бүхэнд, тэдний тулах түшиг, түших багана болсон Монголын Үндэсний Олимпийн хорооныхонд хүчтэйгээс хүчтэй, хурднаас хурдан, өндрөөс өндөрт оршин байхын ерөөл дэвшүүлье” гэсэн байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …