“Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

Монгол улсад Хууль зүйн алба байгуулагдсаны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан ХЗДХЯ-тай хамтран Архивын ерөнхий газраас “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр “Монголын үндэсний музей”-д нээлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд ХЗДХЯ-ны удирдлагууд, тус яамны харьяа агентлаг, байгууллагын дарга нар оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт үзэсгэлэнг нээж үг хэлсэн юм. Тэрээр “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, дотоодын аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, төрийн тогтолцоо, эдийн засаг, нийгэм, соёлын харилцааны суурь зохицуулалтуудыг бий болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдэд эрх зүйн ухамсар соёлыг төлөвшүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн энэхүү алба түүхэн шинэ үеийн өнгө төрхөөр хөгжиж нэгэн зуу гаруй жилийг үдэж байна” хэмэн онцолж байлаа. Мөн тэрээр “Энэхүү үзэсгэлэн нь ХХ зууны эхнээс энэ зууны эхэн хүртэлх зуу гаруй жилийн хугацаан дахь Монгол улсын хууль зүйн албаны түүхэн хөгжил, Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлаг, байгууллагуудын түүхэн хөгжлийн эхэн үеийг тодотгон харуулж, түмэн олныхоо мэдлэгийн далайд дусал нэмж байгаадаа баяртай байна” гэж хэлсэн юм.

Үзэсгэлэнд 1911 оны 12 дугаар сарын 29-нд  Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайдаар улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэрэг тайж М.Намсрайг томилсон Богд хаантаны зарлиг, М.Намсрай Богд хаантаны шагнасан тамгыг хүлээн аваад яам байгуулж, хэрэг шийтгэснийг айлтгасан айлтгал, 1913 онд Богд хаантаны зарлигаар батлагдсан Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны эрхлэн шийтгэх хэргүүд, мөн тус яамны албан хаагчдын тангарагийн эх, яамны бүтэц, орон тоо, эрхлэн шийтгэх  хэргийг тогтоосон Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийн заалт, 1921 оны 2 дугаар сарын 22-нд сэргээн босгогдсон Автономит Гадаад Монгол Улсын төрийн яамдын тэргүүн, дэд сайдыг томилсон Богд хаантаны зарлиг, 1921 оны 7 дугаар сарын 11-нд Ардын эрхтэй Засгийн газрыг байгуулж, төрийн яамдын сайд, түшмэдийг томилсныг Богд хаантанд айлтгасан айлтгал зэрэг тус яамны үүсэл хөгжилд холбогдох нэн чухал баримт бичгүүд, үе үеийн Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны анхны тэргүүн сайдуудын гэрэл зураг, мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа арван нэгэн агентлаг, байгууллагуудын  түүхэн хөгжлийн эхэн үед холбогдох олон сонирхолтой баримт бичиг, гэрэл зураг тавигдсан.

Мөн үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч нарт Хууль  зүйн алба байгуулагдсаны 105 жилийн ойд зориулан хийсэн “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт 30 минутын баримтат киног үзүүлсэн юм. Баримтат кинонд Үндэсний төв архивт хадгалагдаж буй баримт бичиг, түүхэн үйл явдлыг харуулсан дүрс бичлэг, теле мэдээ зэргийг ашигласан байна.

“Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн 12 дугаар сарын 28-ныг дуустал “Монголын үндэсний музей”-д олон нийтэд нээлттэй үргэлжлэх юм.

 

 

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …