Монгол Улсад цөмийн болон цацрагийн хяналтын улсын алба үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. МХЕГ, НМХГ, Цөмийн энергийн газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Цацрагийн хяналтын лаборатри, Цөмийн физикийн судалгааны төвийн төлөөлөл оролцсон уг арга хэмжээг нээж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү үг хэлэв.
Тэрбээр “Одоогоос 40 жилийн тэртээ 1976 онд Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтын дэргэд Цацрагийн хяналтын лабораторийг байгуулснаар цацрагийн хяналтын үндэс суурь тавигдаж, Физик, техникийн хүрээлэнгийн Цөмийн цацраг судлах тасагтай 1982 онд нэгтгэснээр цөмийн болон цацрагийн хяналтын өнөөгийн тогтолцоо бий болсон түүхтэй. Өнгөрсөн хугацаанд хяналт шалгалтын хууль эрх зүйн орчин бүрдэж, гадаад харилцаа өргөжин хөгжиж, Монгол Улсын нутаг дэвсгэр, хилийн боомтуудад Цөмийн энергийн тухай хууль тогтоомж, Төрийн хяналт шалгалтын хууль, олон улсын холбогдох гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих бүрэн чадавхитай болсон нь цөмийн болон цацрагийн хяналтын байгууллагын үе үеийн удирдлага, мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Цаашид хяналтын хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх, улсын байцаагчдыг сургаж мэргэшүүлэх, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах нь бидний бодлого, зорилтын нэг байх болно” хэмээн онцоллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Цацрагийн хяналтын албаны түүхэн хөгжил”, “Цацрагийн хамгаалалтын үндэсний дүрэм, журмын хөгжил”, “Цөмийн технологийн хэрэглээ, түүний хөгжил” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.