Гэр хорооллын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амны хаалт тараалаа

Агаарын бохирдлоос хамгаалах болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь амны хаалтыг тогтмол хэрэглэх явдал юм. Нийслэлд агаарын бохирдлын түвшин 12, 1 дүгээр саруудад хамгийн өндөр хэмжээнд хүрдэг тул энэ үеэр амьсгалын замын өвчлөл, ялангуяа томуу болон томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэх хандлагатай байдаг.

“Оюу толгой” ХХК-иас нийгмийн үүрэг хариуцлагынхаа хүрээнд 20 мянган ширхэг амны хаалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газарт олгосноор утаа, тоосжилтоос үүдэлтэй амьсгалын замын халдварт өвчний тархалтыг бууруулах, уг өвчлөлийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас уг амны хаалтыг агаарын бохирдол ихтэй, гэр хорооллын 70 гаруй өрхийн эрүүл мэндийн төвд тарааж эхлээд байна. Энэ нь өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд болон тухайн хороонд амьдарч буй жирэмсэн эхчүүд, уушгины болон гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй, мөн амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл бүхий иргэдийг хамгаалах, амьсгалын замын өвчний хүндрэлээс сэргийлэх зорилготой юм. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар,  НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн тэргүүтэй албаны хүмүүс Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 13-р хорооны ӨЭМТ-үүдэд очиж, тус бүрт нь 300-400 ширхэг амны хаалт олголоо.

Чингэлтэй дүүргийн 13-р хорооны “Мэнд Арвижих” өрхийн эрүүл мэндийн төв нь тус бүр дөрвөн эмч, сувилагчтай ажиллаж, харьяаллын нийт 8600 хүнд үйлчилдэг аж. Эдгээрээс 1600 орчим нь 0-5 насны хүүхдүүд байдаг бөгөөд нийт үзлэгийн 14 хувийг амьсгалын замын халдварт өвчний хүндрэлээс үүдэлтэй хатгалгаа болон багтраа өвчний оноштой бага насныхан эзэлж байгаа гэнэ. Өрхийн эмч, сувилагч нар гэрийн эргэлтээр үзлэг хийж, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөгөөг өгөхийн сацуу эмнэлгээс гарсан хүүхэд багачуудын эрүүл мэндэд хяналт тавин ажилладаг юм байна.

Агаарын бохирдол ихтэй, амьсгалын замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа энэ цаг үед амны хаалтыг өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлж, эрүүл мэндээ хамгаалах нь хамгийн чухал арга гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар онцлон санууллаа. Энэ тухай тэрбээр “Эцэг эхчүүд маань өөрсдийн төдийгүй үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж, амны хаалтыг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа өглөө оройд ажил сургуульдаа ирж очих, нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүж хэвших нь маш чухал юм шүү” хэмээн ярьсан юм.

Сүхбаатар дүүргийн 13-р хорооны “Санколл” ӨЭМТ-ийн хувьд тус бүр гурван эмч, сувилагчтай бөгөөд нийт 9500 орчим хүнд үйлчилдэг ажээ. 0-5 насны 1586 хүүхэд байдгаас сүүлийн үед ханиад томууны өвчлөлд өртөх нь ихэсч, нийт үзлэгийн 6.2 хувийг эзлэх болсон байна. Өрхийн эмч, сувилагч нар амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалт тогтмол хэрэглэж заншсан төдийгүй айл өрхүүдээр явж үзлэг хийх, өвчтөнүүдээ хүлээж авахдаа эрүүл мэндийн зөвлөгөөг сайтар өгдөг болохоо ч энэ үеэр дуулгаад авсан.

Мөн эмч, мэргэжилтнүүдийн зүгээс эцэг эхчүүдэд хандаж “Хүн ихтэй буюу олон нийтийн газарт бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх. Автозамын дэргэдүүр гарахдаа хүүхдээ тэвэрч явах. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, агаарын бохирдол багасдаг тодорхой цагуудад салхивчаа нээх. Гарын ариун цэврийг сайтар сахих. Амны хаалтыг тогтмол хэрэглэх” зэрэг амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын зөвлөгөөг өгч байгаа юм байна.

 

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …