Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар 2016 оны 12-р сарын 23-ны өдөр товч мэдээлэл хийлээ.
Тэрээр,
-Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Агаарын бохирдлын эсрэг ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан, ямар үр дүн гарсан, гадаадын ямар байгууллагатай хамтарч ажилласан зэрэг судалгааг гаргаж үзлээ. Огт ажил хийгээгүй гэж болохгүй ээ, хийж хэрэгжүүлсэн ажил нэлээд байна. Гэхдээ л Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг ингээд бууруулчих бололцоотой юм гэсэн баримт бичиг алга байна. Иймээс Шинжлэх ухааны академид хандаж, эрдэмтэн судлаачдаа энэ асуудалд оролцооч гэсэн хүсэлт тавилаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан. Халаалтын системийг хэрхэн боловсронгуй болгох, хямд зардлаар дулаан үйлдвэрлэх ямар боломж байна судлаач гэсэн. Энэ чиглэлээр шинэ бүтээл гаргаж, зохиогчийн эрх авсан хувь хүн, аж ахуйн нэгж байна. Харамсалтай нь тэдний санаачилга огт хэрэгжиж байгаагүй юм байна. Утаа багатай зуух, утаа багатай түлш л үйлдвэрлэж байж. Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана. Тийм учраас агаарын бохирдол буурахгүй байна. Ганц түлш, зуухтай ноцолдоод ямар ч үр дүн үзүүлэхгүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрч, нийгэмд бухимдал үүсээд байна.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ганц нэгхэн ажлаар шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллана.
Нэгдүгээрт, Гэр хорооллыг орон сууцжуулна. Богино хугацаанд орон сууцжуулахад хүнд. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Монголд айлчлах үеэр яригдсан тусламжийн хөрөнгөөр орон сууц барих газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулна.
Хоёрдугаарт, Өнөөдөр манайд хийн түлш алга. Тиймээс бидэнд байгаа гарц бол цахилгаанаар дулаан үйлдвэрлэх. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний зөвлөлийн хурлаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргасан. Цахилгаанаар дулаан үйлдвэрлэхэд одоогийн байгаа технологи, тоног төхөөрөмж хангалтгүй. Ийм учраас эрдэмтдэдээ хандсан, хямд өртөгтэй цахилгаанаар дулаан үйлдвэрлээч гэсэн хүсэлт тавьсан. Монгол толгойгоо, нөөц бололцоогоо ашиглая.
Гуравдугаарт, Орон нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааны эх үүсвэр алдагдсанаас Улаанбаатарын хүн ам нэмэгдсэн. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад 130-140 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хөрөнгөөр иргэдээ малжуулж, орон нутагт амьдрах боломж нөхцөлийг бий болгосон бол өнөөдөр олон мянган иргэн орон нутагт амьдрах эх үүсвэртэй, Улаанбаатарт ачаалал нэмэхгүй боломж байсан. Энэ ажлыг төвлөрлийг сааруулах хүрээнд шийдэж болох байсан юм болов уу. Ядуурал, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлын хүрээнд иргэдийг малжуулж, орон нутагт амьдрах нөхцөл боломжоор хангах ажлыг хийнэ.
Дөрөвдүгээрт, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн хяналт, тэдний санаачилга чухал гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.
-2017 онд агаарын бохирдлыг бууруулахад 4 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн. Утаагүй зуух нэлээдийг захиалаад үйлдвэрлүүлсэн байна. Захиалаад хийлгэсэн учраас тухайн аж ахуйн нэгжээс зуухыг худалдаж авахаас аргагүй. Харин цаашид Засгийн газар зуух, түлш шинэчилж агаарын бохирдлыг бууруулах ажил хийхгүй. Цахилгаанаар, хийгээр дулаан үйлдвэрлэдэг технологид шилжинэ. Эхний ээлжинд гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэнэ. Агаарын бохирдлыг бууруулах төсвийн 80 орчим хувь нь цахилгааны шөнийн тарифыг тэглэх, алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулагдана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.