Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / 2 сая төгрөг/ -аас давсан даатгуулагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.
- АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК
- АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир” эмийг Монгол эм импекс ХХК
- Энэтхэг улсын “Hetero Drugs Limited” эмийн үйлдвэрийн “Ледифос” эмийг “Ази фарм” компани
- Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК
- 2016 оны 10 сараас Энэтхэгийн “Strides Shasun” компанийн үйлдвэрлэсэн “Вирпас” Монос ХХК тус тус нийлүүлж байна.
Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар нийт дээрхи таван эмийг 9 сараас хойш 6425 хүн ууж хэрэглэсэн бөгөөд эмийн хөнгөлөлтөнд Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор боллоо гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.