ЭХЭМҮ-ний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу  Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй гардуулан өгөв. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, албаны бусад хүмүүс, олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл, тус төвийн үе үеийн удирдлага, ахмад эмч нар болон ажилтнууд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргааны албаны дарга Ч.Мөнхбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг үндэслэн зарлиг болгох нь:

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Монгол Улсад хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан, эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж, үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний ажлыг амжилттай зохион байгуулж, эх, хүүхдийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах үйлсийн төлөө мэргэжил, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн тус эмнэлгийн үе үеийн ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй шагналыг гардуулсны дараа баяр хүргэн хэлсэн үгэндээ “Монгол Улсад хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв бол Монгол Улсын орчин цагийн анагаахын ууган эмнэлгүүдийн нэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн гуравдахь шатлалын лавлагаа тусламж үзүүлж буй үндсэн төв, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулж, өсөх нэмэгдэх хувьтай монгол хүмүүний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийг манлайлан ажиллаж буй шилдэг эмнэлэг, судалгааны байгууллага билээ.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 145 дугаар зарлиг гарган Н.Гэндэнжамцын нэрэмжит, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байна.

Угтан ирэх он жилүүдийн уртад Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хамт олон Та бүхэн улам бүр хичээн ажиллаж, улс орон, ард түмнийхээ төлөө ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай” хэмээлээ.

Дараа нь Эрүүл мэндийн яамны төлөөлөл, ахмад эмч нар, олон улсын байгууллагын төлөөлөл тус эмнэлгийн хамт олонд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсанд баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв.




 

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …