Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхлэн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн. Улмаар өнөөдөр шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахаар боллоо. Дөрвөн өдрийн турш хуралдсан хуралдаан хаалттай болсон. Учир нь төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул ийнхүү хаалттай хэлэлцсэн юм.
Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн талаар эх сурвалж мэдээлээд байна. Гэвч гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу гэрчүүдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Хэвлэлээр бичигдсэнээр н.Давааням, Г.Чулуунбат нар оролцсон юм. н.Давааннямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн гэгдэж буй. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл цацагдсан. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн аж.
Шүүх хурлын дэгийн дагуу хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэх ёстой. Хэрэгт авагдсан, хуулийнхны цуглуулсан нотлох баримтуудыг хоёр өдрийн турш хэлэлцсэн юм.
Хуралдааныг Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон.
Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн.
Харин Б.Содномдаржаа болон Т.Чимэгээ нар шүүх хурлын сүүлийн шатанд буюу шүүгдэгчид үг хэлэх мөчид энэ хэрэгт хэлмэгдсэн, гүтгүүлсэн гэдгээ хэлжээ.
Юутай ч, 18 жилийн турш шалгасан уг хэргийг өнөөдөр дэнслэхээр болоод байна. Чухам ямар шийдвэр гарсан нь олон нийтэд удахгүй ил болох биз ээ.