Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон нийслэлийн удирдлагын шинэ баг ажлаа хүлээн аваад 6 сар өнгөрчээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох 10 ажлыг танилцуулж байна.
1.Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ
НИТХ-ын Анхдугаар хуралдаанаас нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг дэвшүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны долоодугаар сарын 6-ны өдөр батламжилж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилсон билээ. НИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно.
НИТХ-ын тавдугаар хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж, батлав. Мөн Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан “Нийслэлийн 2017 оны төсөв”-ийг НИТХ хуулийн хугацаанд нь хэлэлцэн баталсан. Хотын удирдлагууд ирэх оны төсвөөр “Иргэдийн оролцоотой төсөв” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
2.Дахин төлөвлөлт, дэд төвүүд
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 8 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөр нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой юм. Эхний ээлжинд Баянхошуу болон Долоон буудал орчмын Сэлбэ дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Эдгээр дэд төвүүдэд 200 мянга орчим хүн оршин суух боломжтой, нийгмийн үйлчилгээ, инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэх хөтөлбөр бөгөөд эхний ээлж 2014-2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зөв бодлого, зөв шийдлээр хэрэгжүүлж эхэлллээ. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон 232 өрхийг ид хүйтнээс өмнө амжиж түрээсийн шинэ орон сууцанд оруулж, түлхүүр гардуулсан. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах төслийн анхны орон сууцыг ашиглалтад оруулж, байрны эздэд түлхүүрийг нь гардуулан өглөө.
3.Иргэдээ сонсч, тулгамдсан асуудлыг шийддэг боллоо
Хотын дарга 14 хоногт нэг удаа иргэдтэй уулздаг боллоо. Тэрбээр уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн дүүрэг, хороо бүрт хүрсэн уулзалт хийхийг зорьсон. Тиймээс нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл”, “Драгон”, “Дүнжингарав” зэрэг салбарт ажиллаж, иргэдтэй уулзаж байгаа билээ. Хотын дарга иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлыг шийдэж, шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байгаа юм.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын нөхцөл нь туйлын хүнд З.Мандах, Л.Оюунтуул, Б.Мөнхбаясгалан нарт Ахмадын хотхонд байрлах түрээсийн орон сууцанд амьдрах эрхийн бичиг гардуулсан бол иргэдээс ирсэн газрын маргаантай асуудлуудыг шийдвэрлэж, гудамж талбайн цасыг хялбар аргаар арилгах төхөөрөмж бүтээсэн Ц.Оргилболдын санаачлагыг дэмжиж уг төхөөрөмжийг худалдан авсан гээд олон шийдэл, шийдвэрийг дурьдаж болно.
4.Нийслэлийн эрх зүйн байдал
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын өргөн барьсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Засгийн газрын хуралдаанаас хуулийн төслийг яаралтай боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулахыг хотын даргад үүрэг болгосон юм. Үүний дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж иргэдэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн иргэдээс санал авах ажиллагааг Ulaanbaatar.mn сайтаар дамжуулан хийж байна.
Улаанбаатар хот эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр үүсэхийн хэрээр одоогийн хууль зохицуулалтын чадвараа алдаж, эрх зүйн хийдэл үүсэх тохиолдол давтагдах болжээ. Монгол Улсын нийт хүн амын бараг тал хувь нь оршин суух нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг харгалзан, нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.
5.Аюулгүй Улаанбаатар
Нийслэлийг телекамерийн хяналтад бүрэн авлаа. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, иргэдийг амар тайван амьдрах “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэхэд чухал ахиц авчрах юм. Мөн хулгай, дээрмийн гэмт хэргийг бууруулахад засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд оршин суугчдын хамтын ажиллагаа оролцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ хүрээнд 2016 онд 2500 иргэнийг хэв журмын урамшуулалт эргүүлд ажиллуулж байгаа нь зохих үр дүнгээ өгсөн ажил байлаа.
Нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” гэсэн дэд хэсэг тусгагдсан. Энэ хүрээнд 16 уулзвараар гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш эргэдэг болов. Ингэснээр уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдэн хотын авто замын түгжрэлийг зохих хэмжээгээр бууруулсан арга хэмжээ боллоо.
6.Эрүүл иргэн
Хавдар судлалын үндэсний төв \ХСҮТ\-д хавдраар шаналсан иргэд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж үйлчлүүлдэг. Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийн 50 хувь Улаанбаатар хотын иргэд байгаа юм. ХСҮТ, “Элэг бүтэн Монгол” сантай хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхэд шаардлагатай төнөг төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлээс шийдвэрлэж, хамтран ажиллах “Санамж бичиг”-т нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд оны өмнөхөн 18 нэр төрлийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Амьсгалын замын цочмог халдвар ихэсч, бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэхийн хэрээр дүүргийн эмнэлгүүдийн ачаалал ихэсч, орны хүрэлцээ тун тааруу болсон. Уг асуудалтай хотын дарга газар дээр нь явж танилцаад Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай амьсгалын аппарат зэрэг багаж хэрэгслийг өгсөн. Мөн тус дүүргийн амбулаторийн нэгдүгээр давхрыг чөлөөлж, 70 хүртэл ортой тасаг шинээр нээж ажиллууллаа.
Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин зайлшгүй шаардлагатай байдаг. НЗДТГ-аас Нийслэлийн түргэн тусламжийн төвд “Kia Bongo” маркийн иж бүрэн тоноглогдсон 10 автомашин хүлээлгэн өгсөн нь түргэн тусламжийн үйлчилгээнд дэвшил авчирсан явдал байлаа.
Амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх гол арга бол амны хаалт гэж мэргэжилтнүүд хэлдэг. Нийслэлээс бүх нийтийн “Маск зүүж хэвшицгээе” аяныг өрнүүлж, иргэдэд 60 мянган амны хаалт үнэгүй тараав. Аяныг “Оюутолгой” ХХК дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 20 мянган ширхэг амны хаалт өгсөн байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас амны хаалтыг утаа ихтэй, гэр хорооллын Өрхийн эрүүл мэндийн 70 гаруй төвөөр дамжуулан иргэдэд тараав.
7.Улаанбаатарыг хөгжүүлэх томоохон төслүүд хөдөлж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” А/614 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын тамгын газар, харьяа агентлагуудын бүтэц өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан Тусгай замын автобус буюу BRT төслийг яаралтай, үр өгөөжтөй хэрэгжүүлэх ажээ.
Ингэхийн тулд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хариуцагч, гүйцэтгэгч байгууллагын төслийн нэгж байгуулах, удирдан зохион байгуулалтаар хангах зэрэг үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг гүйцэтгэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нийслэлийн өмчит хувьцаат компанид хариуцуулав.
Мөн Улиастайн уулзвараас Налайх хүртэлх 20.9 км дөрвөн эгнээтэй зам, төмөр замын гарам нэвтрэх давхар гүүр, Баянзүрх, Сонсголон, Яармагийн одоогийн гүүрийг хос болгох зэрэг ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөөд байна.
8.Бүтээн байгуулалт
Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвтэй боллоо. Уг төв нь болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, аврах мэдлэг, дадлыг иргэд, олон нийтэд олгож, сургалт, дадлагад хамруулах юм. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, обьектыг орхин хэрхэн аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн мэдвэл зохих анхан шатны мэдлэг, дадлыг олгох аж. Уг төв нь гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулахаас гадна дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм байна.
Хан-Уул дүүрэгт байрлах “ДЦС 3”-ын баруун хойд замыг Яармагийн гүүртэй холбов. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдлээ. Шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй зорчих хэсгийг 14 м өргөнтэй 4 эгнээ болгон өргөтгөж, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах систем зэрэг ажлууд хийгдэв.
Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн урд талд орчин үеийн стандарт бүхий 140 машины авто зогсоолыг иж бүрнээр нь шийдэж, ашиглалтад орууллаа. Богино хугацаанд хийсэн энэ зогсоол эмнэлгийн байгууллага, иргэдийн талархлыг хүлээсэн юм. Мөн нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар 300 сая төгрөгийн өртөг бүхий нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоолыг 14 байршилд барьж байгууллаа.
9.Байгал орчин, хот тохижилт
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Богдхан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3.6 км явган аяллын замд иж бүрэн тохижилт хийлээ. Энэ нь иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын анхны зам юм.
Улаанбаатар хотын иргэдийг эрүүл цэвэр агаарт амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т нэг дор 100 хүн хүлээн авах чадвартай “Ub Resort” цанын баазыг нээлээ. Тус бааз цана, чарга, тэшүүр, дулаан гэр, халуун хоол цайгаар үйлчлэх гээд иргэдэд аюулгүй, таатай орчинд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурвас, төмөр замын хоёр талаар 4 м өндөртэй 8000 ширхэг сибирийн нарс мод тарив. Түүнчлэн хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч Хонхтой цэцэрлэгт хүрээлэн, Клиникийн II эмнэлгийн урд нарс мод тарилаа.
10.Газар зохион байгуулалтыг шинэ шатанд гаргалаа
Иргэдийн аз жаргалтай амьдралын үндэс нь эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах явдал. Энэ эрхийг баталгаажуулах үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргасан. Газар зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах ажлын эхлэл болсон хотын даргын захирамж нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэр газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохгүй байх тухай байлаа. Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг мод, бут сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэхэд уг захирамжийн ач холбогдол оршиж байгаа юм.