З.Энхболд: Энэ Засгийн газар “Тавантолгой”-г хамгийн муу хувилбараар явуулах гэж байна

17abad9a166abc3f130358f850b9c162.jpg

Ардчилсан намын дарга З.Энхболд “Тавантолгой”-н асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр шинэ жилийг далимдуулан Засгийн газар “Тавантолгой”-г гэндүүлж зарах гээд байгаа учраас мэдээлэл хийж байна гэсэн юм.

Мөн “Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс “Тавантолгой”-н орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар “Тавантолгой”-г явуулахаар шийдэх гэж байна. Энэ нь Ардын намын бүлэг дээр буцаагдсан байна лээ.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн Монголд ашиггүй гэрээг тухайн үед нь эсэргүүцэж байлаа. Би ганцаараа эсэргүүцсэн юм биш. УИХ-ын гурван дэд дарга гарын үсэг зурж нэгдмэл байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлж байсан. Дараа нь Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч Засгийн газрын гэрээний төслийг дүгнээд хэд хэдэн хууль зөрчсөн болохыг тогтоосон. Ажлын хэсэгт одоогийн УИХ-ын гишүүдээс Б.Чойжилсүрэн, Д.Сумъяабазар, О.Баасанхүү нар багтаж байсныг санаж байгаа байх. УИХ-ын гишүүд Тавантолгойн гэрээг хэлэлцэхээсээ өмнө дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг харах хэрэгтэй. 90 хуудас дүгнэлт одоо ч УИХ-ын цахим хуудсанд бий. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн төсөл яагаад УИХ-ын босго даваагүй гэдгийг дүгнэлтэд тодорхой бичсэн. Одоогийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаасаа ч дор хувилбар оруулж ирэх гэж байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцсэн байна лээ. Х.Болорчулуун, Ж.Энхбаяр нарын хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан. Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргасны дараа 40 гишүүн гарын үсгээ зурсан тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Гишүүдийн өргөн барьсан тэр хувилбар бол Засгийн газрынхаас хамаагүй илүү төсөл байсан. Гэвч сонгууль дөхсөн учраас хэлэлцэж амжилгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Энэ төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшигч Монгол ард түмний эрх ашгийг тусгасан байгаа.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын төслөөс дээрдэх юмгүй, бүр дордуулсан хувилбар оруулж ирэх гэж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гэрээг төрийн байгууллагууд дүгнэж албан ёсоор саналаа ирүүлж байсан юм. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг нийт ард иргэд эзэмшдэг учраас Компанийн тухай хуулийн дагуу ард иргэдээсээ саналыг нь авах ёстой. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах гэж байгаа бол заавал хувьцаа эзэмшигчдийн хурал хийнэ” гэж дүгнэсэн. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар одоогийн УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж байсан. Мөн “Монголын төмөр зам” компани “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг энэ гэрээнд заасан хувилбараар шийдэх нь буруу” гэсэн дүгнэлт ирүүлж байсан. Тухайн үед одоогийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Монголын төмөр зам” компанийн захирлаар ажиллаж байлаа. Мөн ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан. Гэвч Ч.Сайханбилэг, М.Энхсайхан хоёр үүнээс зөрж бантан шиг гэрээ оруулж ирсэн. Дээрээс нь Тавантолгойн ордыг хувьдаа авах сонирхолтой “Энержи ресурс” компани буруу ташаа мэдээлэл их тараасан.

Тавантолгойн ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг нь сүүлийн жилүүдийнх нь үйл ажиллагаанаас нотлогдсон. Жилд 10-20 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой. Харин төмөр замаа өөрсдөө барих боломжгүй учраас зөвхөн төмөр зам дээрээ зээл авч болно. Ингэхгүйгээр Тавантолгойг шууд зарах гэж байгаа бол ард түмнээсээ асуух ёстой. Асуухгүйгээр шийдэх юм бол “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшигч З.Энхболд миний бие шүүхэд хандах болно гэдгээ МАН-ын Засгийн газарт албан ёсоор хэлье. Шүүх дээр би ялна. Яагаад гэвэл, би хувьцаа эзэмшигч” гэсэн юм.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ардчилсан нам олонхи байхдаа яагаад Тавантолгойн гэрээг ард түмэнд ашигтайгаар шийдэж чадаагүй юм бэ?

-Яагаад шийдэж чадаагүй юм бэ гэхээр, манай нам дотор ард түмний өмчийг үнэгүйгээр авч өрөө төлөх гэсэн MCS-ийн төлөөлөл Ч.Сайханбилэг, С.Баярцогтоос эхлээд олон байсан юм. Одоогийн УИХ өмнөх парламентын үед 40 гишүүн гарын үсгээ зурж өргөн барьсан хувилбарыг хэлэлцэх хэрэгтэй. Таалагдахгүй бол өөрсдийнхөө хувилбарыг гаргах ч боломжтой. УИХ-ын тухай хуулийн дагуу хуулийн төсөлд гарын үсэг зурсан өмнөх парламентын гишүүдийн 50-иас дээш хувь нь дараагийн парламентдаа сонгогдсон бол тухайн хуулийн төслийг нь хэлэлцдэг юм.

-Та ямар үндэслэлээр ашиггүй гэж үзээд байгаа юм бэ. Төсөл нь таны гар дээр байна уу?

-Одоогийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг дээр хэлэлцсэнээс өөрөөр ил болоогүй байна. Бүлэг дээр хэлэлцсэний дараа тус бүлгийн өмнөх парламентад байсан гишүүд над руу утасдаж “Өмнөх гэрээг чинь улам дордуулаад оруулаад ирсэн байна. Тиймээс бид хүлээж авахаар татгалзаж Засгийн газарт буцаачихлаа. Хоёр хувилбартай төсөл оруулж ирэх үүрэг өгсөн. Шинэ жилийн дараа хэлэлцэнэ” гэсэн. Энэ хэлэлцээг хийж байгаа хүмүүсийг хараарай. Манай талаас Д.Оюунхорол Б.Чойжилсүрэн, Ц.Дашдорж гээд дандаа Засгийн газрын гишүүд байгаа. Гэтэл нөгөө талаас нь “Шинхуа” компанийн хамгийн том ч биш дунд шатны удирдлагууд нь оролцож байгаа. Уг нь тэдэнтэй “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд хэлэлцээ хийх ёстой. Эсвэл сайд нар БНХАУ-ын сайд нартай хэлэлцээ хийх ёстой. Харгалзах төвшиндөө л хэлэлцээ хийх ёстой. Сайд нар ийм наймааны шинжтэй хэлэлцээ хийгээд суух нь Төрийн албаны тухай хуулиараа хориотой.

-УИХ энэ асуудлыг олохиороо асуудлыг шийдчих юм биш үү?

 -Олонхиороо шийднэ. Гэхдээ гишүүд хэзээ нэгэн цагт сонгогчидтойгоо очиж уулзна. Тэр үед “Миний хувьцааг яасан бэ” гэхэд нь “Шинхуад бэлэглэчихсэн” гэх үү, “зүгээр өгчихсөн” гэх үү.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …