НҮБ-ын Хүн амын сан өвөлжилт хүндэрсэн аймгийн охид, эмэгтэйчүүдэд тусламж илгээлээ

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна.

Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас 160,000,000 төгрөгийн өртөг бүхий 2,465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд хүргүүлэхээр болж, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Тусламжийн багцыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авсан юм.

Энэ үеэр Онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээг анхаарахгүй, орхих явдал гардаг. Айл өрхүүд амь зуулгаа алдаж, эдийн засгийн дарамтанд орж, орлогын эх үүсвэргүй, амьжиргаагаа залгуулах гэж зүтгэхдээ охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвөрмөц хэрэгцээг тэр бүр анхаардаггүй. Мөн цас их орсоны улмаас зам харгуй хаагдсанаар охид, эмэгтэйчүүд гадагш гарч, өдөр тутмынхаа хэрэгцээт барааг олж авч чаддаггүй болохыг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлоод, НҮБ-ын Хүн амын сан эмэгтэйчүүдийг Монголын нийгмийн гол түшиг тулгуур хэмээн үзэж, тэдний амьжиргаа, эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах явдлыг эн тэргүүнд чухалчилж, байгалийн гамшгийг амжилттай даван туулж, өдөр тутмын амжиргаагаа хэвийн залгуулахад энэхүү ариун цэвэр эрүүл ахуйн багц нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Түүнчлэн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын ард иргэдэд хүргэх олон улсын байгууллагуудын тусламж энэ сарын 18-наас эхлэхээр болсоныг дуулгаад энэ бүхний эхлэлийг тавьж, охид, эмэгтэйчүүдийн асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулж байгаа НҮБ-ын Хүн амын сангийнханд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон Онцгой байдлын албаны өмнөөс талархал илэрхийлээд “Хүмүүнлэгийн тусламж шударга, давхцалгүй эзэндээ хүрч байх нь чухал. Тиймээс бид энэхүү тусламжийг яг хэрэгтэй хүнийхээ гарт очиход шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно” гэлээ.

НҮБ-ын Хүн амын сангаас бэлтгэн хандивлаж байгаа Ариун цэвэр, эрүүл ахуйн багц нь хүмүүнлэгийн нөхцөлд охид, эмэгтэйчүүд өөрсдийн ариун цэвэр, эрүүл ахуйн хэрэгцээ, эрүүл мэнд, аюулгүй байдлаа зохих түвшинд хангахад шаардлагатай эд зүйлсээс бүрджээ. Тухайлбал, ариун цэврийн хэрэглэл, нүүр гарын болон барааны саван, дотуур хувцас, оймс, хувцас, гар нүүрийн алчуур, шүдний оо, сойз зэрэг зүйлс багцад орсон байна.

Мөн зайгаар ажилладаг гар чийдэнг эмэгтэйчүүд шөнө оройн цагаар гарч явахдаа ашиглах боломжтой бөгөөд байгалийн гамшгийн үед охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан болон бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байдаг тул өөрийгөө аюулаас хамгаалах зорилгоор ашиглах шүгэлийг энэ багцад оруулсан гэлээ.

НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт хүндэрсэн бүс нутгуудад ариун цэвэр эрүүл ахуйн багцыг түгээж байгаа нь тус улсад байгалийн гамшиг тохиолдох үед урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч, зохицуулах үйл ажиллагаандаа охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвөрмөц хэрэгцээг онцлон анхаарч ажиллах ОБЕГ-ын чадавхийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болох юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх …