-Сайдынхаа аялалаас хэтэрдэггүй Гадаад харилцааны яам-
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн бүтцийн сайд нартаа “Ээлжийн амралт, хагас сайн өдөр гэж байхгүй. Чи гадаад гэдэг улсад явах шаардлага гарвал жилд хоёроос илүү явахгүй. Тиймээс ажил хийхийн тулд иймэрхүү асуудал ярьж байгаа гэдгийг ойлго.
Түүнээс биш хоосон тоотой хөөцөлдөж, албан тушаал хувааж авах гэж байгаа юм биш. Тэр ч бүү хэл Засгийн газрын гишүүд тангараг өргөнө.” хэмээн их л зангаргатай дуугарч байсан нь саяхан.
Тэгвэл түүний энэхүү үг Гадаад харилцааны сайд Л.Болдод огтхон ч үйлчилдэггүй бололтой. Тэрбээр байнга л гадаадад албан томилолтоор “аялдаг” нэгэн. Магадгүй зарим хүн “гадаад харилцааны сайд гадаадад л ажилладаг” гэж зөвтгөж болох л юм. Харамсалтай нь эрхэм сайдын хийсэн айчлалын үр дүн тэр бүр мэдээллэгдээд байдаггүй төдийгүй тухайн орон нутагт сурч, ажиллаж, амьдарч буй монголчууддаа болон тэдний эрх ашгийн төлөө шийдвэртэй алхам хийсэн нь тэр бүр сонстоод байдаггүй. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа гээд өдгөө өөрчлөлт орж иргэдэд хийгээд Монгол Улсад үр өгөөжөө өгсөн нь мэдрэгдээгүй л байна.
Эрхэм сайд өнгөрсөн онд ажлаа хүлээн авснаас хойш Япон, Швед, Норвеги, Энэтхэг, Польш, Швейцарь, Герман, Азербайжан, Катар улс, европын болон Зүүн өмнөд Азийн орнуудаар хэд хэдэн удаагийн давтамжтайгаар айлчилсан байдаг. Яг үнэндээ мань хүн шиг гадаад орныг зорьсон хүн өнөөгийн парламент болон Засгийн газарт байдаггүй юм билээ.
Гэтэл тухайн орнуудад нь оршин суугаа монголчуудын амьдралд нааштай үр дүн огт харагдаагүй хэвээр. Түүгээр ч зогсохгүй улам бүр хэцүү байдалд орж буйгаа дуулгасаар байдаг.
Түүнчлэн эрхэм сайдтан ийнхүү айчлахын зэрэгцээ тус яамны харьяанд байдаг элчин сайдууд нь байнга шахам хэл ам татлаастай байдаг.
Арга ч үгүй биз. Сүүлийн жилүүдэд дипломат алба гэдэг үндсэндээ “шагнал урамшуулал”-ын хэлбэртэй болсон гэдэгтэй маргах хүн үгүй л болов уу. Монголдоо ямар нэгэн даргын албан тушаалд очоогүй л бол гадаад улсад суух элчин, консулоор томилогддог уламжлал аль хэдийн тогтсон. Тиймдээ ч мань сайдаас илүү эрх мэдэлтэн, ямбатанууд байдаг нь нууц биш. Хамгийн энгийн жишээ л гэхэд Монгол эмэгтэй Филиппин улсаас үр хүүхдээ хэрхэн авч ирэхээ мэдэхээ байчихсан байгаа. Үүнээс болж Сингапур улс болон манай улс хоорондын харилцаанд сэв суулаа гэх мэтээр яригдах болсон.
Энэ мэт асуудлыг эв зүйгээр шийдээрэй хэмээн тухайн оронд сууж буй элчин сайдуудад болон Гадаад харилцааны сайдад эрхийг нь өгсөн баймаар юм.
Гэтэл томилогдсон “том тойлгойтнуудаа” сайд захирч чаддаггүй юм байж гэж бодоход Монголдоо яамандаа ажиллаж байгаа албан хаагчдаа ч хэрхэн ажиллуудаг нь бүр тодорхойгүй.
Учир нь мань сайд хамтарсан Засгийн газрын Батлан хамгаалахын сайд байх үеийнхээ “албатуудыг” шинэ яамандаа “чирээд” ирсэн. Тухайлбал, өмнө нь иргэний зөвлөх байсан Ц.Ганболдыг шинэ яамныхаа Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, албан тушаалаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж байсан хурандаа Ш.Сүхбаатарыг мөн яамны Консулын газрын дарга, Батлан хамгаалахын сайдын ажлын албаны дарга байсан Ц.Мөнхжаргалд Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газрын даргын албыг өгсөн бол шадар туслах, хошууч Д.Бат-Эрдэнэд ГХЯ-нд Цэргийн атташе нарыг хариуцсан тасгийг өгчээ. Харин цэргийн “Бага баян” амралтын дарга байсан, хошууч Д.Эрдэнэ-Очирыг хошууч Д.Бат-Эрдэнийн албанд тохоон хувиарласан гэх зэргээр тоочвол олон нэрс хөврөх болно.
Тиймээс Л.Болд сайдад ажил хийх албан хаагч бус анд нөхдийн холбоо нь илүү чухал бололтой.
Түүгээр ч зогсохгүй тэрбээр дээрх айлчлалуудад цор ганцаараа чемоданаа чирээд явдаггүй нь лавтай. Ажлын алба хийгээд дагалдагсадынх нь зардал мөнгийг бодвол чамгүй их тоо гарах биз. Уг нь энэ оны төсөвт Гадаад харилцааны сайдад 53.96170 сая төгрөг зарцуулах эрх олгосон. Түүнийх нь 42.774 сая төгрөгийг урсгал зардалд, 11.187 сая төгрөгийг хөрөнгийн зардал зарцуулахаар тусгасан байдаг. Харин оны эхний улирлын байдлаар 17.97370 сая төгрөг зарцуулах ёстойгоос гүйцэтгэл нь 9.24750 сая төгрөг хэмээн тайлагнасан байдаг.
Гадаад харилцааны эрхэм сайд УИХ-аар байн байн элчин сайдын яам, консулын газар байгуулах, тэдгээрт зориулсан байр худалдан авах гэх зэрэг асуудлууд оруулж ирдэг нь байнгын хэрүүлийн алим болж хувирдаг. Арга ч үгүй биз. Дэлхийн ихэнх улс, оронд манай улсын элчин сайдын яамдын байр тухайн орныхоо нэлээд өндөр зэрэглэлийн байршилд байдаг төдийгүй томдоо ордог тухай олон хүн хэлдэг.
Тэр нь манай улсын урьдны дипломат албад болон төрийн бодлого ирээдүйгээ бодолцон хийсэн алхам хэмээн үнэлдэг юм билээ. Өдгөө ч гадаад харилцаагаа өргөжүүлэх, улс орнууд, байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн олон талт үйл явцад оролцох нөхцөлийг бүрдүүлэх гэх мэт олон шалтгаанаар элчин сайдын яам, консулын газруудыг нэмэгдүүлсээр байгаа. Тухайлбал Индонез, Бразил улсад Элчин сайдын яамаа шинээр нээж, Афганистанд ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээн, Истанбул, Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар, БНСУ-ын Пусан хотод Консулын газраа тус тус байгуулах болсон. Өөрөөр хэлбэл нэг дор долоон улсад дипломат төлөөлөгчийн газар байгуулах эрхээ үүсгүүлж байсан нь саяхан.
Тэрбээр дээрх асуудлаа тайлбарлахдаа “эдгээр орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэх, хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, консулын үйлчилгээ хүртээмжтэй, иргэдэд хүрч ажиллах шинэ боломжуудыг нээж, дипломат албаны үйл ажиллагааны хүрээг тэлж, үр дүнг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдэнэ” хэмээн тайлбарлаж байв. Гэвч сахил хүртээд шал дордов гэгчээр өнөөг хүртэл гадаад орнууд дахь монголчуудын эрх зөрчигдөж, улсаа төлөөлж буй яамд, консулууддаа итгэх итгэлгүйгээр амьдарсаар байна. Үнэхээр аялж яваа юм болж, ядарсан монголчуудтайгаа хаяахан уулзалт зохион байгуулаад саналыг нь сонсох зав эрхэм сайдад байддагүй л юм байх даа гэж ярих хүн олон юм билээ.
Л.Болд сайдын байгуулсан гавьяа өнөөдөртөө Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII Бага хурлыг эх орондоо амжилттай сайн зохион байгуулсанаар л хязгаарлагдаж байгаа бололтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн 104 орны 1300 орчим төлөөлөгч энэхүү хуралд оролцохоор Азийн цээжинд орших Монгол Улсад чуулсан. Дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татдаг энэхүү хурлыг Гадаад харилцааны сайд Л.Болд тун сайн зохион байгуулсан хэмээн эрх баригчид төдийгүй уригдан ирсэн зочид ч хэлж байсан. Хурал, чуулганыг ийн зохион байгуулж чадаж байгаа юм чинь гадаадад суугаа цөөхөн монголчуудынхаа төлөө анхаарал хандуулахад тийм ч амаргүй ажил биш л баймаарсан, Гадаад харилцааны сайдад.
Ж.Нарангэрэл