Гэрэлт өглөө

Монгол Улсаас Унгар улсад суугаа ЭСЯ-наас тус улсад амьдарч байгаа иргэдийнхээ дунд эссэ бичлэгийн уралдаанд зарлаж, ЭСЯ-ны facebook хуудсанд нэр, хаяггүйгээр байршуулан  Facebook –ийн like цуглуулсан тоо, мэргэжлийн хүний хөндлөнгийн саналыг харгалзан шалгаруулжээ. Оюутан Э.Мөнхзул “Гэрэлт өглөө”, Б.Отгонбаяр “Холыг зорьсон минь хоёрыг бодогдуулав”, Д.Дэлгэржаргал “Унгар дахь миний амьдрал” бичлэгээрээ эхний гурван байрыг эзэлжээ. Ингээд тэргүүн байр эзэлсэн Э.Мөнхзулын “Гэрэлт өглөө” нийтлэлийг хүргэж байна.

Гэрэлт өглөө

Гэнэт нүдэндээ нулимстай сэрэв. Зүрхний гүнд нуугдан буй  тэр их санасан сэтгэлээ, сэрүүндээ бөмбөрүүлж чадаагүй хэдэн дусал нулимсаа унтаж байхдаа л ил гаргасан хэрэг. Би зорилготой, шийдэмгий, нугаршгүй байхын тулд өөрийнхөө жинхэнэ мэдрэмжээ нууж далдлахыг хэт их хичээсэн байлаа. Хүмүүсийн егөөддөгөөр чигчийхэн чинээ би чинь ердөө л сэтгэл мэдрэхүйг агуулсан махбодь болох нь батлагдав.

Сар өдрүүд хөвөрсөөр гэр бүл, найз нөхдөө санах минь ч багасав. Тийм дээ, би энд насаараа амьдрах биш, гүйгээд очиход тосоод авах эх орон, эцэг эх минь байхад гэсэн дулаан бодол толгойд эргэлдэхтэй зэрэгцэн “Соно бялзуухай” гэдэг нэгэн гарчиг миний нүдэнд тодоос тод тусах нь тэр. Цэцэгнээс цэцэг дамжин тоос хүртээх үүрэгтэй, цэцгийн бал шүүсээр хооллодог хамгийн жижигхэн энэ шувуу яг над шиг санагдав. Үгүй ээ, ямар ч эргэлзээгүй би байв. Би гэдэг хүн очиж чадахаасаа чадахгүй газар хүртлээ явж, хамгийн өгөөжтэй,хамгийн тустайг нь шунан сураад буцаагаад бүгдэд хүртээхийг хүсдэг нэгэн төрлийн бялзуухай л даа. Энэ зорилготойгоо нуугдан тоглож, чоно туулайдсаар эцэст нь үүргэвчээ үүрээд гэрээсээ гарсан аавын охин Монголоо зүрхнийхээ гүнд тээсээр Унгарт түр саатаж буй нь энэ.

Надад энд саатах дахиад 2 жилийн хугацаа үлджээ. Харин өнгөрсөн 2 жилийн хугацаанд би юу сурав, юу мэдэв? Дүгнэлт хийхэд арай эрт боловч хамгийн гол нь би боломж олж харсан. Миний нутагт хэрэгтэй тэр л зүйлийг би эндээс олж харсан. Би Англи, Америкруу зүтгээгүйдээ өөртөө талархсан. Хэт өндөр хөгжсөн ардчиллын хаант улсын бодлого, стратеги манай хөрсөнд шууд нийцэж буух нь цөөн. Тиймээс би өнөөдрөөрөө  амьдрахаар шийдсэн. Хөгжиж буй энэ орны бодлого стратеги манай оронд яг нийцтэй сууж өгөх юм шиг санагдаж, үүний дараа л өндөр түвшний зүйлс бидний эдийн засаг болон бусад салбарт тохирч эхлэхгүй гэж үү хэмээн бодлоо. Маргааш Унгар шиг, нөгөөдөр Герман шиг, нөгөөдрийн маргааш Англи Америк шиг хөгжицгөөе. Бүгдийг шат дарааллаар нь хийвэл илүү бодит, гарт баригдахуйц байна биш гэж үү дээ.

Нүүрэндээ инээмсэглэлтэй сэрэв. Буцаж очоод сурсан зүйлсээ ашиглахаас, өнөөдөр ахиад л монголчууд бид бүгдэд, бас надад хэрэгтэй зүйлсийг сурна гэхээс  тэсэн ядаж, шөнө нь бодоод, өглөө нь санаад сэрж байгаа минь энэ бололтой. Бяцхан зүрх минь догдолж, хэрэгтэй  мэдлэгийг бүгдийг хурдхан шиг өвөртлөөд хүний нутгаас элгэн саданруугаа гүйгээгээрээ буцах тэр өдрийг мөрөөдөн сууна.

Өнөөдөр бид Монголын ирээдүй бол маргааш бидний үр хүүхэд Монголын ирээдүй! Өнөөдөр бид эцэг эхийнхээ бахархал нь бол маргааш тэд бидний бахархал юм шүү. Энхтөгсийн Мөнхзул /Сэгэдийн их сургуулийн оюутан/

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2023 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр 25 ААН, 16 иргэн тодорлоо

Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар …