Өнгөрсөн онд гадаадын иргэнд 5 хүүхэд үрчлэгджээ

Гадаадын иргэн, харьяатын газраас 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 онд дэвшүүлж буй зорилтын талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Харьяатын газрын дарга Б.Хатантуул, Виз зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх нар оролцов.

Гадаадын иргэн, харьяатын газар 2016 онд Виз 21251, Визийн зөвшөөрөл 21305, Хувийн урилга 444 олгосон байна. Харин оршин суух зөвшөөрөл 14929 олгож, Сунгалт 23054, Хасалт 12471 хийжээ.

Гадаадын болон Олон улсын ТББ-д зөвшөөрөл олгосон байдлыг авч үзвэл: Шинээр 5 байгууллагад зөвшөөрөл олгож, 35 байгууллагын зөвшөөрлийг сунгаж, 14 байгууллагыг хассан байна.

Монгол Улсын харьяат болсон 5 иргэн байгаа бол, харьяатаас гарсан 2179 иргэн байна. Эдгээр 2179 иргэний 2124 нь Казакстан улсын иргэн болсон байна. Харин 2016 онд Гадаадын иргэнд үрчлэгдсэн 5 хүүхэд байна.

Хяналт шалгалтын чиглэлээр: 2016 онд 27 улсын 450 иргэнийг албадан гаргасан бөгөөд үүнээс 275 иргэн нь БНХАУ-ын иргэд байсан байна. 2016 онд Улсын төсөвт 1.008.704.000 төгрөг төвлөрүүлэн ажилласан байна.

Гэрээ хэлэлцээрт заагдсан Монгол Улсын хилийн 46 боомтоос 27 боомтод ажилласан бөгөөд Монгол Улсын хилээр 2016 онд 2777725 тээврийн хэрэгсэл, 5435267 иргэн хил нэвтэрсэн байна. Үүнээс хууль бусаар хилээр нэвтрэхийг завдсан 131, хил нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн 627, баримт бичгийн зөрчилтэй 4727 иргэн байжээ.

Гадаадын иргэн, харьяатын газраас 2017 онд ЦАХИМ ИММИГРЭЙШН зорилтыг дэвшүүлж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ, Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудын бүрдлийг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломж бүхий төрийн байгууллагуудын хооронд холбосон дэд бүтэц, системийг бий болгох тооцоо судалгааг хийнэ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа “E-Immigration” төслийн “ISM” системийн өргөтгөл, сайжруулалтын хүрээнд “APP” системийг холбох тооцоо судалгааг хийнэ, Олон улсын эрэн сурвалжилж буй иргэний мэдээллийн бүртгэлийн систем болох Интерполын мэдээллийн системийг “ISM” системтэй холбох тооцоо судалгааг хийж, гэрээ байгуулна, Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөөд байна гэлээ.

 Эх сурвалж:ГИХГ

Санал болгох мэдээ

“Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. …