“Алтайн урианхайн их туульч Занын Жилкэрийн удмын туульчид” номын нээлт болов

Дэлхий дахинаа данслагдан бүртгэгдсэн Монгол туулийн амьд голомт хадгалагдан үлдэхэд үлэмж гайхамшигтай хувь нэмэр оруулсаар байгаа Алтайн урианхайн их туульч Занын Жилкэр болон түүний удмын арав гаруй туульчдын намтар, түүх, дурсамж тэмдэглэл,туульсийн урын сангийнх нь талаар дэлгэрэнгүй өгүүлсэн “Алтайн урианхай Занын Жилкэрийн удмын туульчид”\19-21-р зуун\ хэмээх шинэ номын нээлт Ховд аймгийн Нийтийн номын сангийн Номын өргөөнд болов.

Энэхүү номыг Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш Мөнгөнхүүгийн Ганболд 30 жилийн хугацаанд 4 ойрадын 3 нутгаар явж судалгаа хийсний үндсэн дээр эмхэтгэн гаргасан байна. Номонд З.Жилкэрийн удмын 10 гаруй туульчдын намтар, түүх, дурсамж тэмдэглэл, тэдний хайлсан тууль,алтайн магтаалыг шингээсэн төдийгүй Алтайн урианхайн баатарлаг тууль, түүний онцлог шинж,тууль хайлах зан үйл, баатарлаг туулийг хэвлэн нийтэлсэн тойм зэргийг оруулсан байна. Түүнчлэн Занын Жилкэрийн удмынхан тууль хайлахын зэрэгцээ сайн анчин, үзмэрч хүмүүс байсныг дурсамж тэмдэглэлээр баримт болгон харуулжээ.

Тус номонд “Алтайн урианхайн их туульч занын жилкэр болон түүний шууд удмын туульч Шийнээн Буян, охин Жилкэрийн Оролмаа, зээ хүү Зохион Рэнцэн, Баатарын Уртнасан, Баатарын Авирмэд, зээнцэр Уртнасангийн Олдох, Авирмэдийн Доржпалам, Нацагийн Дамдиндорж, Авирмэдийн Балдандорж жич хүү Доржпаламийн Чинтулга нарын туульчдын түүх, намтар, уран бүтээлийн сангийн талаар өгүүлсэн нь Монгол тууль судлалд эрдэм шинжилгээний нэн чухал ач холбогдолтой юм” гэдгийг номын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочин “Тод номын гэрэл төв”-ийн гүйцэтгэх захирал, МУБИС-ын Дэлхийн түүхийн тэнхимийн эрхлэгч На.Сүхбаатар онцолсон юм. Түүнчлэн номын нээлтэнд “Тод номын гэрэл төв”-ийн шашны асуудал эрхэлсэн захирал Г.Ядамжав, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг Дарга Д.Галсандондог болон ХИС-ын эрдэмтэн багш нар,Гандан пунцаг Чойлон хийдийн лам нар,Ховд аймгийн ОНС музейн дарга Х.Эрдэнэбаатар, Ховдын мэдээ сонины эрхлэгч А.Бямбасүрэн, Хууль зүйн ухааны доктор профессор Д.Ширэндэв гэх мэт олон хүн урилгаар оролцлоо.

Нээлтийн үеэр Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг Дарга Д.Галсандондог нар номын хадаг сөхөх үйл ажиллагаанд оролцож, хүндэтгэлийн үг хэлж дурсгалын зүйл гардуулсан юм.

Үүнээс гадна номын зохиогч, сэтгүүлч, Ховд их сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш Мөнгөнхүүгийн Ганболдод Монголын сэтгүүлчдийн холбооны“ Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгийг Ховдын мэдээ сонины эрхлэгч А.Бямбасүрэн гардуулан өгч баяр хүргэв. Мөн “Тод номын гэрэл төв”-ийн гүйцэтгэх захирал,МУБИС-ын Дэлхийн түүхийн тэнхимийн эрхлэгч На.Сүхбаатар баруун монголын түүх, соёл, хэл бичиг судлалын өвийг шингээсэн номын дээжисийг баринтагийн хамт Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяад гардуулан өгсөн төдийгүй номын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчидөд номын дээжисээс бэлэг болгон өглөө. “Алтайн урианхай Занын Жилкэрийн удмын туульчид” \19-21-р зуун\ шинэ номын нээлт Занын Жилкэрийн удмын 8 дахь үеийн туульч Мөнхтөрийн хайлсан Алтайн магтаалаар эхлэж, Ховд их сургуулийн оюутаны цуурын аялгуугаар үргэлжилсэн нь онцгой үйл явдал байв.

“Туульчдыг Алтайн эзний элч төлөөлөгч хэмээн үзэх” үзэл ойлголт байдаг нь үнэмшилтэй болохыг тухайн номноос ойлгох боломжтой төдийгүй “Тууль хайлах” гайхамшигт урлагийг бидний үед улбаалан авч ирсэн З.Жилкэрийн удмынханы Алтайн урианхайн туулийн хөгжилд оруулсан хувь нэмэр давтагдашгүй агаад үе удам нь үргэлжилсээр л байна. Оросын эрдэмтэн Валидемирцовын Занын Жилкэрийн урианхайн туулийн дэг сургууль, тууль хайлах арга барилын талаарх сурвалж тэмдэглэл, З.Жилкэрийн хайлсан алтайн магтаалын бүрэн бус хувилбар бидэнд уламжлагдан ирсэн нь судалгааны хүрээн дэх хамгийн эртний Алтайн магтаал, баримт бөгөөд олон үе дамжин хөгжимдөж ирсэн туульчийн товшуур соёлын үнэт зүйл болж Ховд аймгийн ОНС музейд хадгалагдаж байгаа юм.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …