1000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ

2017 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар Ховд аймагт 560, Говь-Алтайд 454 бөхөнгийн сэг зэмийг устгаад байгаа талаар албаныхан мэдээллээ. Мөн Говь-Алтай аймагт  гурван хар сүүлтийг устгалд оруулсан байна.

Мялзан өвчин гарсантай холбогдуулан  БОАЖЯ-наас энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр зөвлөмж гаргасан. Уг заавар, зөвлөмжийн дагуу халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, халдварын тархалтыг зогсоохын тулд ойр орчмын газрын хөрс, өвсийг ариутгах, айл бүрээр сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэргээр ажлын хэсгийнхэн газар дээр нь арга хэмжээ авч онцгой байдалд ажиллаж байна.

Мөн Ховд, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн дөрвөн ажлын хэсэг байгуулж тухайн сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран голомттой нутаг дэвсгэрт 7 устгалын цэг байгуулан устгал, ариутгал хийн ажиллаж байна.

БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван  удаа хуралдаад байна.

Дэлхий дахинд мялзан өвчин 1942 онд анх бүртгэгдэж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ  21 зүйлийн зэрлэг амьтад өвчилсөн байна. Харин манай оронд бог малын мялзан авчнөөр бөхөн өвчилсөн нь анхны тохиолдол юм. Өнгөрсөн оны судалгаагаар Монголд 10 мянган толгой бөхөн 14,000 гаруй км газар нутагт байршиж байгаа нь тогтоогдсон.

Бөхөнгийн орооны үе арванхоёрдугаар сараас эхлэн нэгдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилдэг нь  халдварт өвчний тархалтад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Монгол бөхөн голдуу тав, арваараа  сүрэглэдэг бөгөөд орооныхоо үед арав, хориулаа цуглардаг ажээ. Орооны үе дууссан ч тавдугаар сар хүртэл нэг газарт олноороо төвлөрөн сүрэглэдэг бөгөөд энэ  нь уг өвчний тархалтыг улам даамжруулах магадлалтай аж.  Бөхөнгөөс гадна хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир мялзан өвчнөөр өвчлөх эрсдэл маш өндөр байдаг аж. Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол уг өвчин бусад амьтдад халдварлах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Ажлын хэсэг  өнөөдөр  14 цагаас БОАЖЯ-нд хуралдаж эцсийн шийдвэрээ гаргаж лхагва гаригт Ерөнхий сайд, Засгийн газрын хуралдаанаар нөхцөл байдлыг танилцуулан,  хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэх юм. Тус хуралдаанаар дараах зөвлөмжийг гаргалаа.

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧИН МОНГОЛ БӨХӨНД ИЛЭРСЭНТЭЙ  ХОЛБООТОЙГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

  1. Бог малын мялзан өвчнөөр хорогдсон бөхөнгийн сэг зэм устгах багийг орон нутгаас томилон ажиллуулах,
  2. Өвчний хязгаарлалтын бүс нутагт хорио цээр хяналтын бүс тогтоох,  өвчилсөн болон эрүүл бөхөнгийн сүргийн тархалт нутгийг зааглах арга хэмжээ хэрэгжүүлэх.
  3. Өвчний хязгаарлалтын бүс нутагт гамшгаас хамгаалах анги, салбар, холбогдох мэргэжлийн байгууллага, дүйцүүлэх цэргийн албан хаагчдыг татан оролцуулах,
  4. Бөхөнгийн сэг зэмийг устгах цэг дээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, дээж авч нас, хүйсийн мэдээллийг тэмдэглэж, зургаар баталгаажуулах,
  5. Өвчилсөн бөхөнг таних, устгах зорилгоор сүргийг хөөх, хууль бус ан хийх, бөхөнгийн эвэр түүх зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг ажлын хэсгийн гишүүд, малчид, орон нутгийн иргэдэд таниулах,
  6. Бөхөнгийн шилжилт хөдөлгөөний судалгаа хийж, өвчний тархалтыг тандах,
  7. Цусны дээж цуглуулж бог малын мялзан өвчнөөр өвчилж, эдгэрсэн бөхөн байгаа эсэхийг тогтоох.
  8. Өвчинд мэдрэмтгий мал, амьтадыг тодорхойлох халдвар тархалтын /эпидемиологи/-ийн судалгааг хийх,
  9. Малын хөдөлгөөнийг хязгаарлах, хилийн хяналт, шалгалтыг сайжруулах зэргээр цаашид гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх.
  10. Бөхөнгийн эврийн хил дамнасан хууль бус худалдаа хийхээс сэргийлэх, илэрсэн зөрчлийг мэдээлэх арга хэмжээг хууль хяналтын байгууллага хариуцан ажиллах,
  11.  Малын өвчлөл, хорогдлын мэдээллийг шуурхай мэдээллэх,
  12.  Өвчилсөн бөхөнгөөс вакцинжуулсан малд уг өвчин халдварлахгүй, өвчлөхгүй гэдгийг сайтар таниулах,
  13. Малчид, иргэдэд мэдээллийн хэрэгсэл, багц мессежээр өвчний талаар танилцуулга, сэрэмжлүүлэг хүргүүлэх,
  14. Олон улсын мэргэжлийн зөвлөхүүдийг яаралтай урьж, газар дээр нь дүгнэлт гаргуулан, зөвлөмж боловсруулах,

БОАЖЯ-ны ХМА

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …